УИХ дахь Төсвийн байнгын хорооноос

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал"

ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулж байна.

Уг сонсголын үеэр Туулын хурдны зам болон Сэлбэ-20 минутын хот төслийн талаар яригдлаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Улаанбаатар хот засаглалын хямралд орчихсон юм байна. Засаг даргаа хянах ёстой иргэдийн төлөөлөгчид нь өөрсдөө ажил албанд томилогдчихсон. Зураг төсөвгүй, магадлалын дүгнэлтийн хугацаа дууссан эсвэл газрын асуудал бүрэн шийдэгдээгүй 1.4 их наяд төгрөгийн 75 төсөл арга хэмжээ эхлүүлсэн гэж шинжээч хэлж байна. Ийм байхад чихээ бөглөөд сууж байх уу.

Улаанбаатар хотын төсөв гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2024 онд дөрвөн удаа, 2025 онд таван удаа тодотгол хийж байсан нь зөв үү. Төсвийн тухай хуулиар тодотгол хийх шаардлагыг мөрдөөгүй гэж байна. 

2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд 916 тэрбум төгрөгөөр Туулын хурдны замын төсвийг баталсан. Ердөө гуравхан сарын дараа 1.9 их наяд төгрөг болчихсон. Дахиад 2025 оны есдүгээр сарын 23-нд нэмэгдээд 2.3 их наяд болчихсон. Гуравхан сарын дараа нэг их наяд төгрөгөөр нэмчихсэн байна.

Сэлбэ-20 минутын хот гээд орон сууцны корпорац байгаа юм байна. Нийслэлийн орон сууцны корпорац байгаа юу, чиг үүрэг нь юу вэ. Сэлбэ-20 минутын хотын чиг үүрэг юу вэ. Аль аль нь орон сууц барих гээд байгаа. Миний сонссоноор Сэлбэ-20 минутын хот корпорацад 150 орчим ажилтан байна гэсэн. Нийслэлийн орон сууцны корпорац нь ямар байгууллага байгаа болоод хажууд нь 150 хүнтэй байгууллага байгуулсан бэ? 

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: 2024 онд төсөв дээр суухдаа Туулын хурдны зам дөрвөн эгнээ байсан. 3.2 км гүүрний урттай, 32 км авто замын трасс байсан. 2016 онд батлагдсан төсөвт өртгийг Төсвийн тухай хуулийг үндэслэж, 2024 онд дахин гаргахад 916 тэрбум төгрөг болсон.

2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын тэмдэглэл дээр Туулын хурдны замыг хоёр урсгалтай, зургаан эгнээ бүхий авто замын зохион байгуулалтаар төлөвлөж арга хэмжээ авах, хойноос урагш чиглэлд холбогдох авто замуудын чиглэлийг тогтоох асуудлыг Зам тээврийн яамтай хамтарч судлахыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгасан. Үүнд үндэслээд зургаан эгнээ болж, 1.9 их наяд төгрөг болсон.

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар: Сэлбэ төслийн хамрах хүрээ Нийслэлийн орон сууц, санхүүжилтийн корпорац дээр явж байсан. Засгийн газраас Улаанбаатарт хэрэгжүүлж буй мега төслүүдийг олон улсын ФИДИК-ийн гэрээний зарчимд суурилж явуулах тогтоол гарсан. Уг хүрээнд шинээр орж ирж буй олон улсын гэрээний зарчмын хүрээнд ажиллах мэргэжлийн баг бүрдүүлэх шаардлагатай болсон. Батлагдсан орон тоо маань 159, гэхдээ өнөөдрийн байдлаар 90 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Төслийн оргил ачааллын үе 8-10 дугаар сарын үед эхэлнэ. 

Барилгын гүйцэтгэлийн талбай дээр 10,000 ажлын байр бий болж, түүнийг хамарсан ажлын цар хүрээ нэмэгдэнэ. Энэ үед ажлын байраа 150-д хүргэнэ. Төсөл дуусах үед 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үлдэхээр уян хатан байдлаар хоёр жилийн хугацаанд орон тоогоо баталсан.