Станцын Оросын хэсэгт ан цав үүсэж, дотоод агаарын битүүмжлэл алдагдах явдал улам бүр нэмэгдэж байгаа.

Баасан гарагийн өглөөний 09:04 цагт NASA тэнд байрлаж буй Америкийн гурав, Францын нэг, Оросын нэг нийт таван сансрын нисэгчийг станцад залгагдаад буй АНУ-ын Crew Dragon хөлгийн бүхээгт шилжиж байрлах тушаал өгчээ.

Үүнээс хойш хоёр цаг орчмын дараа NASA тушаалаа цуцалж, Оросын тал битүүмжлэлийг шалгаж байх үед станцад буцаж болохыг зөвшөөрсөн байна.

NASA болон Роскосмос агентлаг станцын нэг хэсэг болох Оросын Звезда модульд гарсан агаарын алдагдлын шалтгаан, засвар үйлчилгээний асуудлаар сүүлийн хэдэн сарын турш маргаж байгаа.

Баасан гарагт Роскосмос станцын битүүмжлэлийн хоёр алдагдлыг илрүүлснээ мэдэгдсэн боловч үүнийг багийн гишүүдэд шууд аюул учруулаагүйг баталжээ.

Эхний алдагдлыг тэр дор нь засварласан, хоёр дахь алдагдлыг засварлах бэлтгэл ажил үргэлжилж байгааг Роскосмос мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад станцын дотоод агаарын алдагдал харьцангуй бага байсан ч Баасан гарагт алдагдал нь өдрийн нэг фунтээс (ойролцоогоор 450 грамм) хоёр фунт болж өссөн тул сансрын нисэгчдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсныг NASA-гийн нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлжээ.

Одоогоор тойрог замын станцад нийт долоон сансрын нисэгч байрлаж байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаагүй Оросын хоёр сансрын нисэгч болох Сергей Куд-Сверчиков, Сергей Микаев нар Роскосмосын заавраар үүссэн ан цавыг битүүмжлэх ажлыг гүйцэтгэсэн юм байна. Роскосмос агаар алдагдаж байгаа хэсэгт хүрэхийн тулд хөрөө ашиглахаар төлөвлөсөнтэй NASA санал нийлээгүй тул сансрын нисэгчдийг нүүлгэн шилжүүлэх ховор тушаал өгчээ.