Энэ Бямба, Ням гарагт буюу зургаадугаар сарын 6, 7-нд болж буй энэхүү арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж буй бүтэн жилийн хөтөлбөрийн голлох олон нийтийн арга хэмжээ нь бөгөөд соёл, спорт, боловсрол, дуу хөгжим болон иргэд хоорондын харилцааг Нийслэл Улаанбаатарын төв талбайд нэгтгэн баяраа хамтдаа тэмдэглэхээр олон нийтийг урьжээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган зургаадугаар сарын 6-нд болсон нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ
"Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна, Монгол зэрэг бусад улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа эргэн харж, улс орныхоо дипломат үйл ажиллагааг болон дэлхий дахинаа үзүүлж буй нөлөөг бид эргэцүүлэн боддог"
гэсэн байна. Тэрбээр
"Тусгаар тогтнолын 250 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн үеийн тусгал биш, энэ бол ирээдүйн тулгуур юм"
хэмээгээд АНУ нь шинэ түншлэлүүдийг бий болгож, инновацыг дэмжиж, дараагийн 250 жилд биднийг хөтөлж явах дипломат үйл хэргийн шинэ эрин үеийг тодорхойлж байгааг онцлов.
Өнөөдрийн сүүлийн арга хэмжээ нь "Sound of America" концерт байсан бөгөөд тус концертод Country Music Club, Fat Cat Jazz Club ая дуугаа өргөж, олон нийт шугаман бүжиг бүжиглэн, энэхүү арга хэмжээнд зориулан Монголд тусгайлан ирсэн АНУ-ын Наймдугаар армийн хамтлаг тоглож, тэнгэрт салют буудсанаар үдшийн хөтөлбөр өндөрлөх юм. Харин маргааш буюу зургаадугаар сарын 7-нд Америкийн Төвийн оюутан дадлагажигчдын "Үндэслэгч эцгүүд" илтгэл, Монголын Америк хөлбөмбөгийн холбооны үзүүлэн тэмцээн болж, үдэш нь Баянмонгол биг бэнд болон гоцлол дуучин Наагий буюу Н. Наранбаатарын ая дуугаар арга хэмжээ өндөрлөнө.
Хоёр өдрийн хөтөлбөрт мөн Horse Power баримтат киног олон нийтэд толилуулж буй. 40 минутын уг кино нь 12 жил бүхий дорнын зурхайгаас санаа авсан бөгөөд дорнын философи болон дэлхийн өнцөг булан бүрийн түүхүүдийг холбосон бүтээл аж. Ташрамд дурдахад энэхүү кинонд "морь шивнэгч" болж гарч буй Клэйсон Бэналли энэ сарын сүүлээр гурван үеийнхнийхээ хамт Монголд айлчлах бөгөөд дараа нь Өвөр Монгол руу аялж, киноны унаач охин Зулаа болон түүний цагаан морьтой уулзах, хамтдаа Horse Power киног үзэх мөрөөдлөө биелүүлэх юм. Horse Power киног дэлхий даяар 100 гаруй байгалийн түүхийн музейд үзвэр болгосон бөгөөд Улаанбаатарт ч мөн адил морин дээр суурилсан нийтлэг хэлээр үзэгчийг нэгтгэж өөртөө татаж чадахуйц юм гэдгийг өдөрлөгийг зохион байгуулагчид хэлж байв.
Тусгаар тогтнолын 250 жилийн ойн хөтөлбөрийн тухай: Америкийн өдрүүд нь АНУ-ын Элчин сайдын яамны Тусгаар тогтнолын 250 жилийн ойн хөтөлбөрийн хүрээний голлох олон нийтийн арга хэмжээ бөгөөд энэхүү хөтөлбөр АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэх бүтэн жилийн арга хэмжээнүүдийн цуврал юм. Үүнд АНУ-Монголын спортын арга хэмжээнүүд, хиймэл оюун ухааны чиглэлийн Технологийн инновацын илтгэгчдийн хөтөлбөр, Монголын уран бүтээлчдийн оролцоотой Америкийн сонгодог дуунуудыг тэмдэглэсэн онцгой пянзны нээлтийн арга хэмжээ, кино үзүүлэн, соёлын солилцоо, боловсролын уулзалт зөвлөгөөн болон бусад олон арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Америкийн өдрүүд арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham, Америк Монголын түншүүд, ТББ-ууд болон төгсөгчдийн байгууллагуудын өргөн хүрээний сүлжээтэй хамтран зохион байгуулжээ. Элчин сайдын яам энэхүү түүхэн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах боломж бололцоогоор хангасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлсэн юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий