Роберт К нэрээр уран бүтээлээ туурвидаг байсан Семён Скрепецкийг Даваа гарагийн өглөө Беларусийн хилээс 40 км зайд оршдог Польшийн Беля Подласка хотод буудаж алсан юм байна.

44 настай байсан тэрбээр Беларусийн консулын газраас 600 метрийн зайд оршдог автомашины зогсоол дээр толгой, цээж, нуруундаа таван удаа буудуулжээ.

Скрепецкий нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Чеченийн удирдагч Рамзан Кадыров зэрэг улс төрчдийг шоглож зурдгаараа алдаршсан нэгэн байсан юм.

Польшийн цагдаа нар уг аллагын сэжигтэн болох 33 ба 37 настай Беларусийн хоёр иргэнийг баривчилсан байна.

Скрепецкий 2021 онд шийтгүүлэхээс зугтан ОХУ-аас Польшид дүрвэж ирээд 60,000 хүрэхгүй хүн амтай Беля Подласка хэмээх жижиг хотод оршин суух эрхийг Польшийн эрх баригчдаас аваад байжээ.

“Түүнд үл таних этгээд ойртож ирээд хоёр удаа буудсан байна. Хохирогчийг газарт унасны дараа уг этгээд дахин гурван удаа буудаад зугтжээ. Роберт К газар дээрээ нас барсан” гэж Польшийн зүүн бүсийн Люблин хотын прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Марчин Козак мэдээлсэн байна.

Хэргийн газраас таван хонгио, Geco 9mm Luger сум нэг ширхэг олдсоныг тэр нэмж мэдээлжээ.

Хохирогчийн биед хийх задлан шинжилгээг өнөөдөр буюу Лхагва гарагт явуулахаар төлөвлөсөн байна.

Орос, Беларусийн удирдагчдыг шоглохоосоо гадна Скрепецкий сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный, Украины энгийн иргэдийг бас уран бүтээлдээ элэглэн дүрсэлдэг байжээ.

Түүний Польш улсад оршин суугаа хаяг ил тод, нээлттэй байсан юм.

Скрепецкий уран бүтээлүүдээ Телеграм болон YouTube сувагтаа нийтэлдэг байв. Тэрбээр Польш улсад эхнэр, таван хүүхдийн хамт амьдарч байжээ.

Алагдахынхаа өмнөх шөнө тэр Баасан гарагт Оросын өдрийг тохиолдуулан Берлин хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны гадна зохион байгуулагдсан эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож буйг харуулсан дүрс бичлэгээ нийтэлж байв.

Энэ үеэр тэр Иосиф Сталины өвөр дээр Путин сууж буйг харуулсан зургаа барьж, өмднөөсөө Оросын далбааг зүүсэн байжээ.

“Би түүнд ‘Найз минь, тэд чиний араас ирнэ шүү. Болгоомжтой байгаарай’ гэж байнга хэлдэг байсан. Гэхдээ би эцэст нь ингээд ямар ч нэмэргүйг ойлгосон. Тэр яг ийм болчимгүй, зөрүүд төрлийн хүн байсан” гэж зураачийн найз Булат Субханкулов хэвлэлд ярьсан байна.