Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан.

Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Аж үйлдвэрийн паркийн бэлэн бүтэц дээр хувийн хэвшлүүд мах, арьс ширний үйлдвэрүүд барихаар хөрөнгө оруулалт хийгээд ороод ирвэл нэн хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн болсон. 

Монгол Улсын хэмжээнд арьс ширний зах зээлийг аваад үзвэл Улаанбаатар хотод төвлөрсөн үйлдвэрүүд Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвар сайжирсан. Нөгөө талдаа үйлдвэрүүдийг шаардлага хангасан түүхий эдээр хангах асуудал хоцрогдсон.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хэрхэн авч явах вэ гэдэгт нийслэлийн шинэ удирдлагуудтай уулзана. Нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк дээр анхаарал хандуулж, хэрэгжүүлэхийн төлөө явна гэсэн. 

Энэ парк дээр одоо инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт дохиолол гэсэн ажил хүлээгдэж байна. Дээрээс нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаанд явуулж буй арьс ширний 20 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэх асуудал дээр Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам хамтарч ажиллана.

Үйлдвэрүүдийг нүүхэд шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгө, технологийн шинэчлэлд хөнгөлөлттэй зээл өгөхөд бэлэн байгаа гэдгээ Монголын арьс, ширний холбоогоор дамжуулж олон удаагийн уулзалт зохион байгуулсан. 

Ерөнхийдөө ойлголт нэг түвшинд очсон. Тэр утгаараа үйлдвэрүүдийг тасралтгүй түүхий эдээр хангах ажлыг эхлүүлэхээр зүүн гурван аймгаас үхрийн шир, Архангай аймгаас хонины нэхий авахаар бэлтгэл ажил хангагдаад эхнээсээ худалдан авалтууд эхэлсэн" гэв.