Капитрон банк улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг “ТОП-100” жагсаалтад 10 дахь жилдээ дараалан шалгарсан нь банкны тогтвортой өсөлт, харилцагч төвтэй бодлого, хариуцлагатай засаглал, салбар дахь манлайллыг бататгасан нэр хүндийн илэрхийлэл болж байна.

Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойгоо тохиолдуулан бүтээсэн үнэ цэн, итгэлцэл, тогтвортой өсөлтөө улам бататган, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, гэр бүл, боловсролын салбарт чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийг дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорьж байна.

Капитрон банк нь бизнесийн бүх чиглэлд уялдаа холбоотой ажиллан байгууллагын болон иргэдийн банкны үйлчилгээг тэнцвэртэй хөгжүүлж, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, чанарыг тасралтгүй сайжруулахад анхаарч ажиллалаа. Улс орны эдийн засгийн тулгуур болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд бодлогын түвшинд анхаарч, тэдний санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр орууллаа.

Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийн эх үүсвэр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын VISA Platinum картыг нэвтрүүлж, олон улсын төлбөр тооцооны чиглэлээр Thunes болон ICBC зэрэг түншлэлээ өргөжүүлснээр гадаад гуйвуулга, худалдааны санхүүжилтийн боломжийг илүү хүртээмжтэй, өрсөлдөхүйц болголоо. 

Мөн импортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, VISA GTPP картыг нэвтрүүлснээр бизнес харилцагчдад чиглэсэн үйлчилгээний багцыг өргөжүүлэн, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, үнэ цэнийг нэмэгдүүлэв.   

Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмуудыг стратегидаа нэгтгэн, удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүлэмжийн хийн ялгарлын тооцооллыг PCAF стандартын дагуу хийж, ил тод тайлагнаснаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг шинэ шатанд гарган, мөн “Тогтвортой байдал ба БОНЗ-ын тайлан”-гаа олон нийтэд анх удаа ил тод танилцууллаа.

Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагыг банкныхаа үнэт зүйл, урт хугацааны хөгжлийн салшгүй хэсэг хэмээн тодорхойлж, боловсролтой ирээдүйг дэмжихэд тууштай анхаарч, энэ хүрээнд Монголын Математикийн Олимпиадын Хороог тогтмол дэмжиж, “Банкир оюутан” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэн Зориг сангийн “Залуу дадлагажигч хөтөлбөр“болон “Залуу манлайлал” хөтөлбөрүүдийг дэмжих замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Капитрон банкны өсөлт хөгжлийн алхам бүрд хамт байгаа нийт харилцагчид, хамтрагч түншүүд, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа талархал илэрхийлье.

Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил