2018 оноос хойш анх удаа таван жилийн хугацаатай, жилийн 6.9 хувийн хүүтэй гарсан энэхүү бондын эрэлт маш өндөр байсан бөгөөд Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулсан үйл явдал болсон юм.

Тус бондыг юунд зарцуулах болон банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа. 


- Таныг ажил авах үед Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байсан бэ?

- Хөгжлийн банк сайн хөгжиж, бодлогын банк хэлбэрээр ажиллаж чадвал манай улсад маш том орон зай бий. Гэвч сүүлийн үед Хөгжлийн банканд маш их асуудал гарч, чанаргүй зээл олон болсонтой холбоотой санхүүгийн үзүүлэлтүүд муудсан. Намайг томилогдож ирэх үед үндсэн гурван асуудал байсан. Чанаргүй зээлийн асуудал их байгаагаас болж хуримтлагдсан алдагдал нэмэгдсэн. Алдагдал их байгаагаас болж өөрийн хөрөнгөө идээд эрсдэл даах чадваргүй болсон. 

Санхүүгийн үзүүлэлтүүд муу байгаагаас үүдэж гадаадаас татсан эх үүсвэрээ төлөхдөө дахин санхүүжүүлэх байдлаар явж байсан. Нөгөө талдаа чанаргүй зээлтэй хэт их зууралдсанаас болоод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинээр зээл олгоогүй. Шинэ зээл олголт хийгээгүй учраас хүүгийн орлогогүй болчихсон байсан. 

Тиймээс хамгийн чухал ажил бол өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх юм. Өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр банкны эрсдэл даах чадвар нэмэгдэх, балансын үзүүлэлтүүд сайжрах, санхүүжилтийн өртөг буурах зэрэг эергээр нөлөө үзүүлж, бодлогын зээл олголтыг сэргээх боломж бүрдэнэ.

- Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шинэ зээл олгоогүй гэлээ. Тэгвэл гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ ямар байгаа вэ? 

- Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаас хойш шууд болон шууд бус байдлаар 3,000 гаруй аж ахуйн нэгжүүдэд нийт 7.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Одоогийн байдлаар 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Харин гадаад эх үүсвэрийн үлдэгдэл 2.8 их наяд төгрөг байна. Ойрын жилүүдэд хийх томоохон эргэн төлөлтийн хувьд, 2027 онд дотоодын зах зээлд гаргасан бондын 50 сая ам.долларын төлбөр, 2028 онд 150 сая орчим ам.долларын олон улсын бондын эргэн төлөлт хүлээгдэж байгаа.

- Энэ удаагийн бонд өмнөх бондуудаас ямар онцлог, ач холбогдолтой вэ?

- Энэ удаагийн бонд Хөгжлийн банкны олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаагүй, бие даан нээлттэй хэлбэрээр арилжаалсан бондуудаас хамгийн эрэлт өндөртэй, бага хүүтэй бонд гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, энэхүү бонд 2025 онд хаалттай хэлбэрээр арилжаалсан 3 жилийн хугацаатай, жилийн 8.5 хувийн хүүтэй бондоос хугацааны хувьд урт, хүүний хувьд бага гарч чадсан.

Түүнчлэн, 2018 оноос хойших Хөгжлийн банкны анхны Rule 144A/Reg S бүтэцтэй олон улсын бондын арилжаа бөгөөд АНУ-ын мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчдад Rule 144A, АНУ-аас гаднах хөрөнгө оруулагчдад Reg S зохицуулалтын хүрээнд зэрэг санал болгосноороо онцлог болсныг дуулгахад таатай байна.

Ингэснээр Хөгжлийн банк олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд амжилттай эргэн ирж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажуулж чадсан. Шинэ бондын өгөөж Монгол Улсын Засгийн газрын бондтой харьцах зөрүү мэдэгдэхүйц буурсан нь Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ сайжирсны илрэл юм. Түүнчлэн энэхүү бонд нь олон улсын бондын гол индексүүдэд багтах шалгуурыг хангаж байгаа нь Монгол Улсын үнэт цаасанд олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Үүнтэй зэрэгцэн 2028 онд хугацаа дуусах, 8.50 хувийн хүүтэй бонд дээр нийт 347.2 сая ам.долларын Тендер санал амжилттай хэрэгжүүлж, шинэ эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхээр боллоо. Ингэснээр банкны мөнгөн урсгалд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр өрийн бүтцийг илүү урт хугацаатай, бага өртөгтэй санхүүжилтээр сэлбэж, 2028 оны бондын үлдэх хугацаанд ойролцоогоор 14.2 сая ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болголоо.

Энэхүү жишиг (benchmark) хэлцэл нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах үйл ажиллагааг шинэ түвшинд авчирч, бидний олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурийг улам бэхжүүлсэн стратегийн ач холбогдолтой хэлцэл болсон.

Бондын үндсэн нөхцөл:

Үнэт цаас гаргагч

Монгол Улсын Хөгжлийн банк (DBMMN)

Хэмжээ

500 сая ам.доллар

Хугацаа

5 жил (2031 он хүртэл)

Хүү

Жилийн 6.90%

Хэлбэр

Rule 144A / Reg S, Senior Unsecured

Зээлжих зэрэглэл

B1 (Moody's) / BB- (S&P)

Бүртгэл

Сингапурын хөрөнгийн бирж

Андеррайтер банк

HSBC, ING, J.P. Morgan

Санхүүгийн зөвлөх

Frontier Strategies Pte. Ltd; TDB Securities SC

Хөгжлийн банкны олон улсын зах зээлд ам.доллароор гаргасан бондын түүх:

Бонд гаргасан он

Бонд дуусах он

2012

2017

2018

2023

2024

2026

2025

2028

2026

2031

Бондын хэмжээ

USD 580.0 сая

USD 500.0 сая

USD 200.0 сая

USD 240-500 сая

USD 500.0 сая

Бондын хугацаа

5 жил

5 жил

2 жил

3 жил

5 жил

Бондын хүү

5.750%

7.250%

11.000%

8.500%

6.900%

Бондын төрөл

Баталгаа

Reg S

МУЗГ баталгаатай

144A/RegS

RegS

RegS

144A/RegS

- Олон улсын хөрөнгө оруулагчид Хөгжлийн банкийг хэр хэмжээнд сонирхож байна вэ?

- Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтуудын үеэр банкны шинэ стратеги, засаглалын шинэчлэл, эрсдэлийн удирдлага, активын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны бодлогоо танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын зүгээс эергээр үнэлж хэлцэл амжилттай болоход чухал нөлөө үзүүлсэн.

Хэлцлийн үеэр хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, нийт захиалга 2.63 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан.

Энэхүү өндөр эрэлт Хөгжлийн банкны шинэчлэл, Монгол Улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон урт хугацааны хөгжлийн төлөвийг олон улсын хөрөнгө оруулагчид эергээр үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэхүү өндөр эрэлтийн үр дүнд Хөгжлийн банк ижил нөхцөлөөр бондын дүнгээ нэмэгдүүлэх боломж бүрдсэн бөгөөд энэ чиглэлээр холбогдох ажлууд үргэлжилж байна.

Бондын хуваарилалт талаас авч үзвэл бондын 88 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалтын сангууд, 10 хувийг даатгал болон тэтгэврийн сангууд бүрдүүлсэн бөгөөд нийт 122 олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцож, газарзүйн хувьд АНУ 27 хувь, Европ, Ойрх Дорнод, Африк (EMEA) 45 хувь, Ази 28 хувийг бүрдүүлсэн. Энэ нь эрэлтийн хэмжээ өндөр төдийгүй хөрөнгө оруулагчдын оролцоо, үзүүлэлтийн чанар өндөр байсныг харууллаа.С.Баатарсүрэн: Хөгжлийн банк шинэ бондын эх үүсвэрээр Засгийн газрын бодлоготой уялдсан 7-8 томоохон төслийг санхүүжүүлэхээр судалж байна

"Засгийн газрын бодлоготой уялдсан 7-8 томоохон төслийг судалж байна"