Үүний улмаас Киев хотод 130 орчим барилга байгууламж сүйрч, доод тал нь 21 хүний амь үрэгдсэн байна.

Энэ он гарснаас хойших хугацааны хамгийн их хохирол учруулсан агаарын цохилт болжээ.

Уг халдлагын дараа Ирландад хийсэн айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгасан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский яаран нутаг буцсан байна.

Тэрбээр

“Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх нь туйлын чухал зорилт болоод байна”

гэж мэдэгдээд холбоотнууддаа АНУ-ын Patriot зэрэг зэвсгийг худалдаж авахад үзүүлж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг уриалжээ.

“Энэ шөнө Орос улс Украинд дахин нэг харгис, өргөн цар хүрээтэй довтолгоо явууллаа. Дайсан хэдэн арван баллистик пуужин харвасан. Киев хот хамгийн хүнд цохилтыг амслаа” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Оросын талаас нийт 74 пуужин, 496 нисгэгчгүй онгоцоор довтолсныг Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ. Эдгээрийн ихэнхийг аюулгүй болгосон ч 25 баллистик пуужин, 12 нисгэгчгүй онгоц 33 байршилд хохирол учруулж чадсан гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украины цэргийн болон эрчим хүчний байгууламжууд, Киев болон бусад хотын нисэх буудлуудад довтолсноо Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

Мөн үүнийгээ Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд Украины явуулсан довтолгооны хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Бас Пүрэв гарагийн шөнө өөрийн нутаг дэвсгэрт болон эзлэгдсэн нутаг дэвсгэрт Украины 327 нисгэгчгүй онгоцыг унагаснаа баталсан байна.

Өчигдөр бас Украины тал Оросын нутаг дэвсгэрт агаарын цохилтоо үргэлжлүүлжээ.

Пүрэв гарагт Украин зэвсэгт хүчин ОХУ-ын Нижний Новгород мужийн Кстово хотын газрын тос боловсруулах үйлдвэрт амжилттай довтолсноо мэдэгдсэн байна. Уг үйлдвэр нь жилд 17 сая тонн газрын тос боловсруулдаг, 50 орчим төрлийн бүтээгдэхүүн гаргадаг, Оросын хамгийн том цогцолборуудын нэгт тооцогддог ажээ.