Тус компани 2026 оны гуравдугаар сарыг хүртэлх санхүүгийн жилд 423 тэрбум иений ($2.68 тэрбум) алдагдал хүлээсэн байна.
Тиймээс цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зарим төлөвлөгөөгөө цуцалж, зардлаа бууруулахын тулд Хятад улсаас хямд эд анги худалдан авахаар болжээ.
Цахилгаан автомашин худалдаж авахад үзүүлдэг АНУ-ын засаг захиргааны хөнгөлөлт цуцлагдсан, мөн АНУ-ын импортын татвар нэмэгдсэн зэрэг бодлогын өөрчлөлтүүд нь алдагдалтай ажиллахад нөлөөлснийг Honda компанийн удирдлага тайлбарласан байна.
АНУ-ын хэрэглэгчид өмнө нь шинэ цахилгаан автомашин худалдаж авахдаа $7,500 хүртэл татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны есдүгээр сард цуцалсан юм.
Тэр бас 2025 онд импортын автомашин болон автомашины сэлбэгийн татварыг 25-аас 15 хувь болгон багасгасан ч үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулсан хэвээр байгаа.
1957 онд хөрөнгийн зах зээлд анх бүртгэгдсэн Honda компани Японы хоёр дахь том авто үйлдвэрлэгч болтлоо өсөн дэвжсэн юм.
Асар том хэмжээ, уламжлалт арга барил нь тус компанийг цахилгаан автомашины эрин үед хурдан дасан зохицоход хүндрэл учруулж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Одоо Honda компани мотоциклийн бизнес, санхүүгийн үйлчилгээ, хайбрид автомашины үйлдвэрлэлд гол хүчээ төвлөрүүлэн ажиллах гэнэ.
Умард Америк, Япон, Энэтхэгийг ирээдүйд өсөлт авчрах зах зээлээр тодорхойлсон тус компани Канадад цахилгаан автомашин, батарейн үйлдвэр байгуулах төслөө цуцалжээ.
Гүйцэтгэх захирал Тошихиро Мибе 2030 он гэхэд үйлдвэрлэсэн таван автомашин тутмынхаа нэгийг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилтоосоо татгалзаж байгааг мэдэгдсэн байна.
Мөн 2040 он гэхэд үйлдвэрлэсэн бүх автомашинаа цахилгаан болгох төлөвлөгөөгөө цуцалжээ.
Honda компанийн цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй холбоотой алдагдал 2027 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх дараагийн санхүүгийн жилд 512 тэрбум иен хүрэх тооцоо гарсан байна.
Эх сурвалж: BBC
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий