Жон Рэтклиффийн энэ айлчлал нь 1959 онд Фидель Кастрогийн удирдсан хувьсгал гарснаас хойш CIA-ийн тэргүүний тус улсад хийсэн хоёр дахь айлчлал юм.
Рэтклифф айлчлалынхаа үеэр Кубын өмнөх ерөнхийлөгч Раул Кастрогийн ач хүү Раул Гиллермо Родригес Кастро, дотоод хэргийн сайд Лазаро Алварес Касас нартай уулзахдаа тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Хэрвээ Куба улс томоохон өөрчлөлт хийж чадвал АНУ тус улсын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд нухацтай хандаж эхлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн Трампын захидлыг Рэтклифф биечлэн дамжуулахаар Кубад очсоныг CIA мэдээлсэн байна.
Трампын засаг захиргаа сүүлийн хэдэн сарын турш Кубыг бүслэн хааж, эрчим хүчний импортыг нь таслаад байгаа. Өнгөрсөн хугацаанд Кубын уламжлалт холбоотон Орос улсын ганцхан танкер газрын тос нийлүүлсэн юм.
Энэ газрын тосны нөөц дуусаж байгааг Кубын эрчим хүчний сайд Висенте де ла О Лэви төв телевизээрээ саяхан мэдэгджээ.
Трамп тус арал улсын коммунист засаглалыг унагах хүсэлтэйгээ нуудаггүй.
Тэр бас хувьсгалын удирдагч агсан Фидель Кастрогийн 94 настай дүү Раул Кастрог яллахыг хүсэж байгаа.
Ерөнхийлөгч асныг онгоц унагасан хэрэгт буруутгаж байгааг АНУ-ын хууль зүйн яамны эх сурвалж мэдээлсэн юм.
1996 онд Куба улс “Borthers to the Rescue” хүмүүнлэгийн байгууллагын нисэх онгоцыг буудан унагаж байсан бөгөөд үүний гол буруутныг Раул Кастро гэж үздэг.
Кубын гадаад хэргийн яам энэ талаар огт дурдаагүй ч Рэтклиффийн айлчлалыг хоёр улсын зөрчлийг намжаах боломж гэж үнэлж байгаагаа мэдэгджээ.
Родригес Кастрог энэ оны хоёрдугаар сард Сэйнт Киттс улсад болсон Карибын Нийгэмлэгийн дээд хэмжээний чуулганы үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой нууцаар уулзсан гэх мэдээлэл бий.
Тэрбээр одоо Кубын төрд ямар нэг албан тушаал хашдаггүй ч өмнө нь өвөөгийнхөө хамгаалалтын албыг удирдаж байсан юм.
Кубын коммунист дэглэм нь Хятад, Орос, Венесуэлтэй ойр харилцаатай байдаг.
Нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдахад Кубын эдийн засгийн “амь тарианы нэг чухал суваг” тасарсан юм.
Тэр үеэс хойш хоёр улсын хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх хүчин чармайлтууд үргэлжилсээр байгаа.
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын өндөр түвшний дипломатчидыг тээвэрлэсэн онгоц Хавана хотын нисэх буудалд буусан нь 2016 оноос хойш АНУ-ын засгийн газрын нисэх онгоц тус улсад газардсан анхны тохиолдол байлаа.
Эх сурвалж: AFP
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий