Уг ажиллагаанд нийтдээ 822 орчим нисгэгчгүй онгоц ашигласны 600 нь нийслэл Москваг чиглэсэн байна.

Ням гарагийн шөнө явуулсан агаарын цохилтын үеэр Оросын баруун өмнөд бүсийн Ростов мужид таван хүний амь үрэгдсэнийг орон нутгийн удирдлага мэдээлжээ. Украинтай хил залгадаг Белгород мужид зорчигч тээврийн автобус дроны цохилтод өртөх үеэр нэг эмэгтэй амиа алдсан бол Москва мужид 83 настай эрэгтэй мөн дроны цохилтын үеэр амь үрэгдсэн байна.

Москва хотын төвөөс 25 км зайд оршдог Коледино дахь Wildberries компанийн агуулах цохилтод өртөхөд гурван хүн шархадсаныг хотын захирагч Сергей Собянин мэдээлжээ.

Оросын Амазон гэгддэг Wildberries онлайн худалдааны компани долдугаар сарын дунд үеэс хойш Украины агаарын цохилтын гол бай болоод байгаа.

Украины эрх баригчид тус компанийг Оросын армид тоног хэрэгсэл болон дроны үйлдвэрлэлд шаардлагатай эд анги нийлүүлдэг хэмээн буруутгадаг.

Украины батлан хамгаалах яам өнгөрсөн хугацаанд Wildberries компанийн хамгийн том 10 ложистикийн төвийн долоо нь “идэвхгүй болсон” тухай мэдээлсэн байна.

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Украины талд ч байдал тайван өнгөрөөгүй юм.

Тухайлбал Запорожье мужид амины орон сууц удирдлагатай бөмбөгний цохилтод өртөхөд 66 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй алагджээ.

Днепропетровск мужийн Кривой Рог хотод Оросын агаарын цохилтын улмаас хоёр хүн амиа алдсан байна.

Сумы, Донецк, Херсон мужуудад тус бүр нэг иргэн амиа алдсаныг орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.

Нийслэл Киев хотыг Оросын агаарын довтолгоо дөрвөн удаа чиглэхэд зургаан хүн шархадсаны дотор нэг хүүхэд байгааг тус хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Украины 13 бүс нутаг агаарын цохилтод өртөхөд Оросын талаас нийт 1,550 гаруй дрон, 1,560 орчим залуурт бөмбөг, 62 пуужин харвасныг ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

“Оросын баллистик пуужин хүрч чадах газар бүрдээ иргэний байгууламжуудыг онилж байна” гэж тэр хэлсэн байна.

Дайны дөрвөн жилийн хугацаанд Украины тал зэр зэвсгийн хөгжүүлэлтээ эрс сайжруулсан ч баллистик пуужинг эсэргүүцэх зэвсгийн хувьд АНУ-ын Patriot пуужингаас хараат хэвээр байгаа.

Гэвч Ойрх Дорнодод үргэлжилж буй дайн АНУ-ын зэвсгийн нөөцийг бууруулсан нь Украиныг ийм пуужингийн ноцтой хомсдолд оруулаад байна.