"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдана. 

Уг гүйлтэд оролцохоор нийтдээ 46,306 хүн бүртгүүлээд байгаа юм. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцох иргэд гүйх үедээ юунд анхаарах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-аас мэдээлэл хүргэлээ.

Энэ жил оролцогчийн тоо өмнөх онуудаас 30 орчим хувиар нэмэгдсэн тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүнийг өргөжүүлээд байна. 

Тодруулбал нийслэлийн төв талбайд 2025 онд эрүүл мэндийн 15 мэргэжилтэн ажиллаж, иргэдэд тусламж үзүүлж байсан бол энэ онд 31 хүн ажиллана. Түүнчлэн марафоны бүсчлэлд суурин тав, явуулын таван цэгт оролцогчдод эрүүл мэндийн тусламж үзүүлнэ. 

Үүний зэрэгцээ марафоны төрлүүдэд эмч, мэргэжилтнүүд тодорхой таних тэмдэгтэйгээр оролцох тул гүйж буй иргэд шаардлагатай тохиолдолд тусламж, зөвлөгөө авах боломжтой юм байна. Жишээлбэл 42 километрын зайд хоёр, 21 километрын зайд 21 гэх мэтчилэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд гүйлтэд оролцоно. Энэ мэтчилэнгээр нийтдээ эрүүл мэндийн байгууллага 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Улаанбаатар марафон 2026"-д оролцогчдод тусламж үзүүлэх нь.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав