"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт өнөөдөр болж байна.
Энэ жил 46 мянга гаруй хүн оролцож байгаа нь уг арга хэмжээ хэр өргөн хүрээтэй болсныг харуулж буй. Гүйлтэд өөрийн тэсвэр хатуужлыг сорих, өмнөх жил гүйсэн зайгаа ахиулах, найзууд, хамт олноороо дурсамж бүтээх гэх зэргээр зорилго нь өөр хэдэн мянган хүн өнөөдөр гүйж байна.
2026 онд түүх 70 жилийн ой нь тохиож буй Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн хамт олон бол өнөөдрийн марафоны нэг хэсэг. Тус компанийн ажилтнуудын дийлэнх нь залуус бөгөөд салбарынхаа уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байна. Харин өнөөдөр тэд хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ нэг өдрийг мартагдашгүй өнгөрөөхөөр марафонд нэгдэцгээжээ.
Марафоны 10 километрийн зайд гүйсэн оролцогчид барианд орж ирснийх нь дараа сэтгэгдлийг нь хуваалцлаа.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн "Энэ онд манай МИАТ компанийн 70 жилийн ой болж байна. Мөн энэ сарын 25-нд иргэний нисэхийн салбарын 101 жилийн ой болно. Эдгээр тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан хамт олноороо Улаанбаатар марафонд оролцож байгаа. Өнөөдөр 160 гаруй ажилтан маань 5, 10, 21 километрт гүйж байна.
Жил бүр өргөжин тэлж буй Улаанбаатар марафоныг МИАТ компани ивээн тэтгэж хамтарч ажилладаг. Тухайлбал олон улсын тамирчид манай нислэгээр Монгол Улсад ирэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг.
Манай компанийн ажилтнуудын дийлэнх нь залуус, салбарынхаа уралдаан тэмцээнд маш идэвхтэй оролцоцгоодог. Энэ жилийн марафонд ч мөн бэлтгэл сайтай оролцож, хамт олон, гэр бүлээрээ нэгэн өдрийг спортлог, дурсамжтай өнгөрөөцгөөж байна" гэлээ.
Мөн МИАТ ТӨХК-ийн Санхүүгийн дотоод хяналтын аудитор Н.Нарангэрэл
"Өмнө нь таван километрийн зайд гүйж байсан. Энэ жил зорилгоо ахиулж 10 километр гүйлээ. Хурдаа тохируулж, зөөлөн хэмнэлтэй гүйхэд 10 километрийн зай боломжийн санагдлаа. Дараа жил зайгаа ахиулан марафонд оролцох бодолтой байгаа. Би марафонд оролцохоор тусгайлан бэлдээгүй. Гэхдээ спортын уралдаан тэмцээнүүдэд оролцдог, спортод дуртай. Хамт олноороо марафонд гүйх сайхан байлаа"
хэмээв.
Марафонд гүйсэн оролцогчид гол нь нэг хэмнэлээр зогсохгүйгээр зөөлөн гүйх нь хол зай туулах хамгийн зөв арга хэмээн онцолж, дараа дараагийн жилүүдэд илүү том зорилго тавилаа гэцгээж байв.
Өнөөдөр МИАТ компанийн ажилтнуудын зайг нийлүүлбэл Улаанбаатараас Сөүл хүрэх хэмжээний урт буюу 1,240 миль болж байгаа аж.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий