Алсын зайд нислэг үйлддэгээрээ алдартай Норвегийн “Norse Atlantic Airways” түлшний өртөг хэт өндөр байгаа тул дампуурлаа зарлаж байна гэсэн бол Энэтхэгийн “SpiceJet” бэлэн мөнгөний хомсдол, түлшний үнийн өсөлтийн улмаас бүх нислэгээ цуцалсан. Унгарын “Wizz Air” компани мөн түлшний үнийн өсөлт дарамт болж буйг мэдэгдсэн. Энэ нөхцөл байдал АНУ-ын дотоодын тээвэрлэгчдийг сөхрүүлж, санхүүгийн хүндрэлтэй байсан “Spirit Airlines” компани зогсолт хийхэд хүрчээ. Энэ тухайгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Дейв Дэвис “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө “Дайнаас үүдэлтэй шатахууны үнийн огцом өсөлт нь манай компанийн хувьд тэсэж үлдэх сүүлчийн боломжийг хааж орхилоо” хэмээн тодотгожээ. Дэлхийн авиа компаниудад нүүрлээд буй энэхүү сорилт цааш хэрхэн үргэлжлэх нь Ормузын хоолойн түгжрэл, эдийн засгийн хямрал, дайны гал зогсох эсэхээс шууд хамаарахаар байна.

Тэгвэл дэлхийн авиа компаниудыг сөхрүүлж эхэлсэн хямралын сүүдэр Монголд хэрхэн тусах бол? Ямартай ч Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас гарсан ОХУ-аас агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээг УИХ-аар яаралтай горимоор соёрхон батлуулах асуудал онгоцны түлшний хомсдолоос аврах гарц болох нь ойлгомжтой. Харин түлшний үнийн хувьд зах зээлийн зарчмаар явах болов уу. Ойрх Дорнодын дайны байдал Монголын хувьд эерэг болоод сөрөг нөлөөг аль алийг нь үзүүлж байгаа.

Нэгдүгээрт, онгоцны түлшний үнийн хөөрөгдөл. Гэхдээ үүнийг давахын тулд авиа компаниуд тийзийн үнээ нэмж магадгүй.

Хоёрдугаарт, амгалан тайван байдал, цэвэр агаар, байгалийн сайхныг сонгож Монголд ирэх жуулчдын тоо өсөх, энэ чиглэлээр нислэгийн давтамж, чартер нислэг нэмэгдэх боломжтой юм. Энэ нь эдийн засгийг өсгөх давуу талтай юм.