Тэд өнгөрсөн долоо хоногт анхны хурлаа хийж, хэрхэн хамтарч ажиллах, баримтлах бодлого, чиглэлээ тодорхойлжээ.

Боловсролыг дэмжих лобби бүлгийг санаачлан байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах "Боловсролын салбарт хийх эн тэргүүний ажлуудыг эрэмбэлнэ. Энэ дагуу асуудал бүр дээр нэгдэн дуу хоолойгоо хүргэцгээх юм. Одоогоор хөгжлийн хөтөлбөрүүд, төсвийн хүрээ яригдаж байна. Удахгүй 2027 оны төсөв хэлэлцэгдэнэ. Энэ бүрд бид дуу хоолойгоо хүргэж, байр сууриа нэгтгэнэ. Боловсролын бодлого тун чухал байна. Ядуурлаас гарах ганц зөв гарц нь боловсролын чанар.

Лобби бүлэгт багтсан гишүүд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсны дээр бодлого боловсруулахад ажилласан туршлагатай" гэв.

УИХ-ын гишүүн П.Ганзориг

"Урт хугацааны хөгжлийн гол суурь болох боловсрол, эрүүл мэнд зэрэг хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хоцорч ирсэн. Лобби бүлэг нь хууль, эрх зүйн орчин, бодлого тодорхойлох чиглэлд ажиллахаас гадна төсөв дээр боловсролын салбарыг дэмжих, ялангуяа багш ажилтнуудын цалин хөлс, үнэлэмж, нийгмийн асуудалд анхаарна. Багш ажилтнуудын ажиллах нөхцөл орчин нь сайжрах ёстой"

гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл

"Үе тэнгийн дээрэлхэлт, амиа хорлолт, гэмт хэрэг, олон нийтийн сүлжээнд гардаг сөрөг үр дагаврууд бүгд боловсролтой хамаатай. Боловсрол гэдэг нь зөвхөн физик, математик, монгол хэл, уран зохиол биш юм. Тухайн хүнийг зөв хүн болгох, хүмүүжүүлэхтэй холбоотой асар том зүйл тул лобби бүлэг тусгайлан ажиллах гэж байна"

хэмээв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С. Зулпхар ын хэлснээр лобби бүлгийн гишүүд Боловсролын Зээлийн Сан(БЗС)-г Боловсролын Хөгжлийн Сан болгох санал гаргажээ. Тодруулбал

"Зээлийн сан бол их, дээд сургуульд суралцагчдад зөвхөн зээл олгодог сан биш, салбарыг хөгжүүлэх сан гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан гадаадад очиж суралцахаас гадна гадаадаас сайн багш нарыг их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургуулиудад авчрах байдлаар энэ санг ашиглах ёстой. Дээд боловсролын хөтөлбөр, агуулгыг сайжруулахад гаднаас чадварлаг, туршлагатай багш нар авчрах нь зөв"

гэж тэрбээр тайлбарлалаа.

УИХ-ын гишүүд нэг нэгээрээ яриад, зарчмын зөрүүтэй санал өгөөд хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаа тул лобби групптээ саналаа нэгтгэж, түүнийгээ Засгийн газар өгч ажиллана гэдгээ Боловсролыг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Галбадрах хэлэв.