Монгол улсын 60 гаруй мянган иргэн тус улсад оршин сууж, жилд 160 мянга орчим иргэн зорчдог орны хувьд анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан дурдаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. 

Талууд цаашид хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн нөхцөл, шалгуурыг уян хатан болгох, виз олголтын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, ил тод болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсаныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажиллах хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцолсон байна.