Хэдийгээр төрөх үеийн хүйсийн харьцаа улс орнуудын хооронд харьцангуй бага ялгаатай байдаг ч хүн ам зүйн олон хүчин зүйл болон цаг хугацааны явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаанд зөрүү үүсдэг байна.

Эрэгтэйчүүдийн тоо илүү олон улс орнууд

Өгөгдөлд багтсан 233 улс, нутаг дэвсгэрийн ердөө 33%-д нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс олон байна.

Хэдийгээр эрэгтэй хүн ам давамгайлсан улс орнуудын тоо харьцангуй цөөн боловч дэлхий даяар авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс ойролцоогоор 42 саяар илүү байна.

Үүнд дараах хоёр шалтгаан бий.

Нэгдүгээрт, Персийн булангийн орнууд дахь гадаад цагаач ажилчид. Катар, АНЭУ, Оман, Кувейт зэрэг улс орнууд барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажиллах түр хугацааны цагаач ажилчдаас ихээхэн хамааралтай. Эдгээр салбарын ажиллах хүчний дийлэнх нь эрэгтэй бөгөөд олон ажилчин гэр бүлээ дагуулалгүйгээр тухайн улс оронд ирдэг. Үүний улмаас эдгээр улсын нийт хүн амын хүйсийн харьцаа эрэгтэйчүүдийн талд маш их хэлбийсэн байдаг.

Хоёрдугаарт, дэлхийн хүн ам хамгийн ихтэй гурван улс болох Хятад, Энэтхэг, АНУ бүгд эрэгтэй хүн амын тоо эмэгтэйчүүдээсээ их байдаг. Эдгээр улсын хүйсийн харьцааны зөрүү тийм ч туйлширсан биш боловч хүн амын асар их тоо нь нийт зөрүүг мэдэгдэхүйц хэмжээнд хүргэдэг.

Зөвхөн Энэтхэгт л гэхэд 100 эмэгтэйд 106.3 эрэгтэй ногддог бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 40 сая гаруйгаар илүү гэсэн үг юм.

Эмэгтэйчүүдийн тоо илүү олон улс орнууд

Эмэгтэйчүүдийн хүн ам давамгайлсан улс орнуудын хамгийн том төвлөрөл Зүүн Европ болон Кавказын бүс нутагт ажиглагддаг.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа хамгийн бага буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоогоор хамгийн доогуур үзүүлэлттэй 12 улс, нутаг дэвсгэрийн 7-г бүрдүүлдэг.

ОХУ нь энэ бүс нутгийн хамгийн тод жишээнүүдийн нэг юм. Эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байдаг, эрэгтэйчүүдийн дундаж наслалт богино байдаг, түүхэн дайнуудын үеийн их хэмжээний хохирол, мөн архины хэрэглээтэй холбоотой нас баралт зэрэг хүчин зүйлс нийлж, ОХУ-д 100 эмэгтэйд 86.4 эрэгтэй ногдох хэмжээнд хүргээд байна.

Хүйсийн харьцаа цаг хугацааны явцад яагаад өөрчлөгддөг вэ?

Төрөх үеийн хүйсийн харьцаа нь байгалиасаа бага зэрэг эрэгтэй хүүхдүүдийн талд хэлбийсэн байдаг. Гэвч хүн амын бүтэц энэ харьцааг насан туршид хэвээр хадгалдаггүй.

Шилжилт хөдөлгөөн, дундаж наслалт, дайн мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн боломж зэрэг олон хүчин зүйл хэдэн арван жилийн хугацаанд тухайн улсын хүн амын хүйсийн харьцааг өөрчилж чадна.

Иймээс энэхүү газрын зураг нь тухайн үеийн хүн ам зүйн нөхцөл байдлын нэг агшин дахь дүр зураг болохоос байнгын өөрчлөгдөшгүй үзүүлэлт биш юм.

Хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа, хүн ам нь хурдацтай хөгширч буй, мөргөлдөөнд өртсөн эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ нь мэдэгдэхүйц сайжирч буй улс орнуудын хувьд хүйсийн харьцаа нь нэг үеэс дараагийн үед ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөх боломжтой байдаг байна.