Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна. 

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээг хэлэлцсэн юм. 

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө хэлэхдээ "Өргөдөл гэхээр их өргөн утгатай үг юм шиг санагддаг. Миний бодлоор хүмүүсийн гомдол цөхрөл, харуусал, гуниг, үзэн ядалт гээд л бараг бүгд нийлсэн зүйлийг өргөдөл гэдэг байх.

Бид нар бүгд цахим гэж яриад байдаг ч нэг зүйлийг анзаардаггүй юм билээ. Би нийслэлд ажиллаж байхдаа Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч, удирдлагуудтай үл ойлголцсон. Сүүлдээ ажил хэрэг учраас нэлээд дотноссон.

Тус холбооны байрны урд талд 46 жил хэн ч тоож очоогүй ус тогтдог хэсэг байсан юм. Тэрийг автомашины зогсоол болгож өгсөн. Хэчнээн хараагүй хүмүүс ч тэд амьдрах эрхтэй. Тиймээс хувийн хэвшилтэй ярьж байгаад гадна талыг янзалж, төслөөр гаднах зогсоолыг хийж өгснөө санаж байна.

Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүсийн өргөдлийг яаж шийдэх вэ" гэв. 

Мөн "Манай гэр хорооллоор дүүрэн гар утасгүй хүмүүс байна. Гар утастай байлаа гэхэд датагүй, дататай байлаа гэхэд интернэт мэдэхгүй хүмүүс байна. Энэ хүмүүс хэр их хандаж байна. Хэрхэн яаж эдгээр хүний өргөдөл гомдлыг шийдэж ажилладаг юм бэ гэдгийг асууя.

Өчигдөр би зориудаар хэлсэн юм. Та нар бол үзэгний үзүүр юм гэж. Ард түмэн бол дандаа дээр байж байгаа. Та бүхнийг дарга нар үзэгний үзүүрээр томилж байгаа. Харин та нар өөрсдийнхөө үзэгний үзүүрээр ард түмний асуудлуудыг шийдэх ёстой. Үүнийг үргэлж бодож явбал өргөдөл гомдлын асуудал шийдэгдэнэ.

Ерөөсөө л хэн нэгний харилцаа хандлага, үл тоосон байдлаас болж л өргөдөл нэмэгдэж байгаа. Замын цагдаагийнхныг би анзаарч харлаа. Гэхдээ энэ байгууллагыг бүхлээр нь муулж байгаа юм биш. Сургалтад суусан хүүхдүүд ерөөсөө харилцаа байхгүй" гэж хэлэв.