Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлснээр эхний ээлжийн 1,800 айлын орон сууцны төслийн гүйцэтгэгчээр “Материал импэкс” ХК, “Материал импэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, одоогоор төслийн эх зураг батлагдаж, ажлын зураг төсөл бүрэн боловсруулагдсан бөгөөд эхний ээлжийн 6 блокийн барилга угсралтын ажил эхэлжээ.

Төслийн хүрээнд 5-14 давхар бүхий 21 орон сууцны барилга барихаас гадна иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах нийгмийн болон үйлчилгээний 7 төрлийн байгууламжийг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал 280 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургалт, хөгжлийн төв болон оффисын зориулалттай барилга, 1,500 автомашины ил болон дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний төв, үзвэр үйлчилгээний цогцолбор, спортын байгууламжуудыг барих бол нийт талбайн 60 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүс, явган хүний болон дугуйн зам, гэрэлт гудамж зэргийг байгуулах аж.

Санхүүжилтийн тухайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлээс дэд бүтцийн асуудлыг бүрэн хариуцаж, газар чөлөөлөлтийг шийдвэрлэж байгаа бол барилгын бүтээн байгуулалтын санхүүжилтийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөс гаргах нөхцөлтэй байна.