Туул гол үерийн аюултай түвшнээс даван үерлэж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчимд эргээсээ хальж айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автжээ. Онцгой байдлыг байгууллагын алба хаагч нар 28 айл өрхийн 107 иргэн, Энхсаран сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 43 иргэн, "Mongolica" амралтын газарт сургалтад хамрагдаж байсан 34 иргэнийг буюу нийт 183 иргэнийг аюулгүй бүсэд гаргасан байна.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд үер бууж автомашинтай зорчиж явсан нэг том хүн, гурван хүүхэд үерт урссан дуудлагаар ажиллаж, ухаангүй байсан хоёр хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ухаан оруулж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны Рашаант, Ногоон толгойн гудамжинд үер бууж дөрвөн айл өрх усанд автсан дуудлагаар таван хүүхэд, нэг том хүнийг аюулгүй бүсэд гаргаж, айл өрхүүдийн усыг мото помпоор соруулжээ.

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орох аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байгаа тул:

  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх
  • Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх
  • Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.