Тэгвэл судлаачид Хуучин ертөнцийнхөн Шинэ ертөнцөд санамсаргүй авчирсан салхин цэцэг өвчин Америк тивийн олон сая уугуул хүн амыг устгасныг харуулах молекулын түвшний анхны шууд нотолгоог олжээ.

Тэд Испанийн колоничлолын эхэн үед Чилийн хойд хэсэгт амьдарч байсан хоёр Инка хүний занданшсан цогцсоос эртний вирусийн ДНХ (Дезоксирибонуклейны хүчил) илрүүлсэн байна.

Салхин цэцэг нь вариола вирус хэмээх эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй өвчин.

Цогцсоос олдсон вариола вирусийн геномын шинжилгээгээр тэднийг дундад зууны Европт тархаж байгаад дараа дараагийн зуунуудад хувьслын үр дүнд устаж алга болсон хувилбар болохыг тогтоожээ.

Европчууд 1492 онд Америк тивд ирэхэд нутгийн уугуул хүн ам салхин цэцэг өвчинд өртөөгүй, түүний эсрэг байгалийн дархлаагүй байсан юм.

“Америк тивд хамгийн эрт баримтжуулсан салхин цэцгийн дэгдэлтийг 1518 онд испаничуудын суурьшсан Испаниола арал дээр бүртгэсэн байдаг” гэж Пүрэв гарагт Science сэтгүүлд тайлан нь нийтлэгдсэн судалгааны багийн ахлагч, Дублиний Тринити коллежийн докторант Бруно Ромеро Гонсалес хэлжээ.

Испаниола нь өнөөдрийн Хайти, Доминикан улсууд оршдог Карибын тэнгисийн арал юм.

“1980 онд вакцинжуулалтын үр дүнд бүрэн устах хүртлээ салхин цэцэг 1,500-2,000 жилийн өмнөөс, магадгүй бүр эрт үеэс хүн төрөлхтний тоо толгойд нөлөөлж байсан гэж үздэг. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэг байсан юм” гэж судалгаанд оролцсон Дублиний Тринити коллежийн генетикч Шигеки Накагоме хэлжээ.

Зарим тооцооллоор салхин цэцэг болон бусад халдварт өвчнүүд Америк тивийн уугуул хүн амын 90 хувийг устгасан гэдэг.

Энэ нь Испанийн байлдан дагуулагчид өнөөдрийн Мексикт оршин тогтнож байсан Ацтек, Төв Америкт байсан Майя, өнөөдрийн Эквадороос Перугаар дамжин Чили хүртэл үргэлжилсэн Инкагийн эзэнт гүрнүүдийг түлхэн унагахад тусалсан байна.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Салхин цэцгийн эмгэг төрүүлэгчийг агуулсан хоёр хүний цогцос Инкагийн эзэнт гүрний өмнөд хэсэг байсан Чили улсын Номхон далайн эргийн Камаронес булангийн ойролцоо газраас олдож байжээ.

Тэдний нэг нь 30-35 настай эмэгтэй, нөгөө нь 18-20 настай эрэгтэй байсан юм.

Лам гөрөөсний ноолууран хөнжилд ороож, элдэв эд зүйлсийн хамт оршуулсан тэдний цогцос байгалийн замаар занданшиж хатсан байжээ.