Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон. Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын голдирол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна.

Тухайлбал комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон.

Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцлов. Мөн хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүссэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.