Гал түймэр тус хотын Чатучак дүүргийн алдартай цэнгээний газраас эхэлж, богино хугацаанд хурдтай тархсан байна.

Шөнө дунд өнгөрч байхад гал сөнөөгчид түймрийг бүрэн унтраажээ. Хохирогчдын ихэнхийн цогцос угаалгын өрөөнөөс олдсон нь хүмүүс тэнд хоргодох байр хайж байсантай холбоотой гэж үзэж байна.

Бангкокийн албаныхан баарны агааржуулагчийн цахилгааны шугамд богино холболт үүссэнээс гал гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Өмнө нь Тайландад үүнтэй төстэй осол гарах бүрд албан тушаалтнууд цахилгааны аюулгүй байдлыг стандартыг сайжруулах амлалт авдаг ч хэрэгжилт хангалтгүй байна.

Одоогоор түймэрт амиа алдсан хүний тоо 28 хүрсэн бол түлэгдэж, гэмтсэн нийт 71 хүн байгаагаас 25-ынх нь биеийн байдал муу, эмнэлэгт байгааг албаныхан Даваа гарагт мэдээлжээ.

Эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд баарны эзэн байгаа гэнэ.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баарны таазыг шатамхай материалаар бүрсэн нь гал хурдтай тархах нөхцөл болсон байж болзошгүйг Бангкок хотын захирагч Чатчарт Ситтипунт хэлжээ.

Чатучак дүүргийн захиргаа баар байрладаг барилгыг 30 хоногийн турш хаахаар болсныг өчигдөр зарласан байна.

Эрх баригчид бас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 29,300 бат ($880), эмчлүүлж буй хүмүүст 4,000 батын ($120) тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

2022 онд Бангкок хотоос өмнө зүгт оршдог жижиг хотод баар шатахад 22 хүний амь үрэгдэж байв.

2009 оны нэгдүгээр сарын нэгэнд нийслэл хотын нэгэн шөнийн клубт гал гарахад шинэ жил тэмдэглэж байсан 66 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж байжээ.