Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд очжээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулснаар төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдийг тусгайлан зассан суудалд залахад Их сүлдэч зул, арц, хүж асаан сүлдэнд ёсолж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ташрамд дурдахад, Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээсэн аж.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэлж, Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгажээ.
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга дараах дэг, дарааллын дагуу явагджээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүс хөндөж, дээжийг нь сүү, сархад зэргийн хамт Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий