Ингэснээр тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хиймэл оюуны технологийн стартап болж, OpenAI компанийг ардаа орхиж байна.

Нэгэн үе хиймэл оюуны өрсөлдөөнд харьцангуй жижиг тоглогчид тооцогддог байсан Anthropic компани сүүлийн жилүүдэд маш хурдтай өсөж, томоохон аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлээд байгаа.

Ялангуяа өнгөрсөн оны сүүлээр код бичих хүчирхэг AI туслахуудыг зах зээлд гаргаснаар салбарынхаа давамгайлагч болсон юм.

Anthropic-ийн энэ удаагийн санхүүжилтийг Altimeter Capital, Dragoneer, Greenoaks, Sequoia Capital зэрэг томоохон хөрөнгө оруулагчид гүйцэтгэжээ.

“Claude нь манай улам бүр өсөн нэмэгдэж буй дэлхий дахины хэрэглэгчдийн зайлшгүй хэрэгцээтэй багаж зэвсэг болж байгаа бөгөөд бид Claude Code, Cowork зэрэг илүү хүчирхэг, илүү тустай, тэдний хэрэгцээнд илүү дасан зохицох чадвартай хэрэгслүүдийг хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна” гэж тус компанийн санхүүгийн албаны захирал Кришна Рао мэдэгдсэн байна.

Бизнесийн болон код бичих үйлчилгээгээрээ улам ялгарах болсон Anthropic бас өөрийгөө хиймэл оюуны аюулгүй байдалд хамгийн их анхаарал тавьдаг байгууллагуудын нэг болохыг харуулсан.

Энэ сарын эхээр Ромын пап Лео хиймэл оюуны аюулын талаар анхааруулсан 43,000 үгтэй нэвтэрхий толь бичиг гаргахад Anthropic-ийн үүсгэн байгуулагчид оролцсон юм.

Тус компани бас бүтээгдэхүүнийг нь хүн алах зэвсэг, тагнах чагнах хэрэгслийн зориулалтаар ашиглахаас сэргийлэхийн тулд Пентагонтой байгуулсан гэрээгээ цуцалж байв.

Үүний улмаас Anthropic, Цагаан ордон хоёрын дунд зөрчил маргаан үүсээд байгаа.

Тус компанийн гол өрсөлдөгч OpenAI гуравдугаар сард $122 тэрбумын хөрөнгө оруулалт босгосноор $852 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм. Оны сүүлээр Anthropic зах зээлийн үнэлгээгээ $1 их наядад хүргэж болзошгүй байна