"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхлэх юм байна. 

Нийт 135 мянган иргэний хувьцаа, ногдол ашгийн хамт өвлөгдөх харилцаа үүснэ.

Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм. Харин хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуульд заасан хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзэх аж.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөхдөө: 

  • 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээж, хувьцааны мэдээллээ шалгана. 
  • Хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээнээс авч, гэрчилгээ болон лавлагаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг, хорооны Засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргаас тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /уг дэвтэр байхгүй бол Засаг даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан тодорхойлолт/ гаргуулж авна. 
  • Ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садны лавлагааг улсын бүртгэлийн байгууллага дээр бичиг баримттайгаа биеэр очиж авсан байна. 
  • Хүүхэд нь өвлөх тохиолдол төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр нөхөр нь өвлөх бол гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд төрөл садны лавлагаа болон хэдэн хүүхэд төрүүлсэн тухайн лавлагааг бүрдүүлэн өв нээгдсэн газрын нотариатад хандана. 
  • Хууль ёсны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг нотариатаар гэрчлүүлнэ.
  • Холбогдох бичиг баримт бүрдсэн тохиолдолд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ бичиж Нотариатын цахим системд байршуулах бөгөөд хувьцаа, ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ. 
  • Е Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ. 
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн дансанд бүртгэж баталгаажуулна. 
  • Хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.