2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгожээ.
Уг шийдвэрийн талаар НЗДТГ-ын эх сурвалжаас тодруулахад
"2026-2027 оны өвлийн улиралд хагас коксон түлшийг гаднаас дахин худалдаж авна. Зургаадугаар сард тендерийг зарлана. Харин дараа жилийн өдийд Багануурын “Нүүрс-химийн үйлдвэр” ашиглалтад орчихно"
гэв.
"Тавантолгой Түлш" ХХК-аас асууснаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулна, одоогоор шийд ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар 28,000 тонн хагас коксон түлшний нөөцтэй байгааг хэлэв.
Өнгөрсөн өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар буюу нэг тонн түлшийг 738 орчим мянган төгрөгөөр худалдаж авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулсан билээ. Үүн дээр энэ оны дөрөвдүгээр сард Хятадаас ₮45 орчим тэрбумаар 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авсан байна.
Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргалын мэдээлснээр хагас коксон түлшийг хэрэглэснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдлын үзүүлэлт 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурчээ.
2025 оны халаалтын улирал эхэлснээс хойш 34 тээврийн компани, 25 агуулах, 425 борлуулалтын цэгээр дамжуулан 437,914 тонн хатуу түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлсэн бол Баянгол, Чингэлтэй дүүргийн 4,557 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий