Шүэцү Сато 2004 онд Шинжүкү өртөө засварт орох үеэр зорчигчдыг чиглүүлэх замын тэмдэг тэмдэглэгээ хийх хүсэлт хүлээж авснаар анх далд байсан авьяас нь нээгдсэн юм байна.

Түүний анхны ажил өнгө өнгийн туузан наалт ашиглан буудлын ханан дээр зорчих чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээ бүтээх байжээ.

Ажлын үр дүн сайн болсон тул тус өртөөний дарга Сатогоор дахин дахин ийм ажил хийлгэх болсон гэнэ.

“Хэний ч санаанд харуул хамгаалалтын ажилтнаар тэмдэг, зурагт хуудас хийлгэх санаа орж ирэхгүй нь тодорхой байсан тул би чадах бүхнээ хийхээс өөр сонголтгүй байсан” гэж 72 настай Сато ярьжээ.

Удалгүй түүний бүтээлүүд мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, Японы өнцөг булан бүрээс ажлын захиалга ирэх болсон байна.

Тэр ч байтугай Nintendo, Suntory зэрэг аварга компаниудаас захиалга авах болжээ.

Өнгөрсөн онд Японы Тэмдэгтийн Дизайны Холбоо түүнд өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн “Shuetsu-tai” фонтыг бүтээсний төлөө платинум шагналаа өгсөн юм.

Уг үсгийн фонт нь зорчигчдыг бухимдлыг намжаах, тайвшруулах зорилгоор зөөлөн дугуйрсан ирмэгүүдтэй бүтээгдсэн байдаг.

Сатогийн хамгийн сүүлийн төсөл өнгөрсөн сард Шинжүкү худалдааны дүүрэгт нээгдсэн Nike компанийн шинэ дэлгүүрийн логог бүтээхэд хамтран ажиллах байжээ.

Гэрээт дизайнер Шүн Сасаки анх Шинжүкүг санагдуулам лого бүтээх даалгавар Nike компаниас авахдаа хамгийн түрүүнд Сатотой хамтрах талаар бодсон гэнэ.

“Түүний күүл, хүчирхэг бичээс намайг гайхшируулж байсан. Тэр хийж бүтээх гайхалтай хүсэл тэмүүллээр дүүрэн ажилладаг хүн” гэж Сасаки ярьжээ.

Хэдийгээр Сато хийж буй ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж, нойр хоолоо мартдаг боловч хэзээ ч захиалагчдаа тогтсон ажлын үнэ хөлс хэлж байгаагүй гэнэ.

Тэрбээр зөвхөн ажиллах хугацаандаа хоол, унааны зардал төлөхийг хүсдэг, бас загвараа бүтээхэд зөвхөн туузан наалт ашигладгийг нь ойлгохыг хүсдэг ажээ.

“Шинжүкүд ажиллаад би өртөөний даргаас талархлын бичиг, шампунийн иж бүрдэл авч байсан” гэж Сато дурссан байна.

Өөр нэг өртөөний дарга тусалсанд нь талархахдаа түүнд шинэ оймс бэлэглэж байжээ.