Төслийн санхүүжилтийг нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлнэ.

Багануурын уурхайг түшиглэн байгуулах уг үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулах бөгөөд нийт 134 сая ам.доллароор барина.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82–84 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр тооцоолжээ.

Төслийн удирдлагыг нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” компани хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох бөгөөд төслийн хэрэгжилтийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК хариуцах аж.