Энэ тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао болон Монголын баг өрсөлдөх аж.

ЗААШ нь 1998 оноос хойш зохион байгуулагдаж буй тэмцээн. Манай улс 2000, 2008, 2015, 2017 онд нутагтаа зохион байгуулж байв. Хоёр жилд нэг удаа болдог тус тэмцээн цар тахлын улмаас 2021-2024 онд болоогүй. Улмаар өнгөрсөн жилээс жил бүр зохион байгуулагдахаар болж, БНХАУ-д зохиогдсон бол энэ удаад манай улсад болох юм.

Японы шигшээ баг нийт зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол БНСУ-ын баг гурван алт, таван мөнгө, гурван хүрэл, БНХАУ-ын баг хоёр алт, гурван хүрэл, Тайвань нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл, Ардчилсан Солонгос нэг хүрэл медаль зүүж байв. 

Харин манай шигшээ багийн хувьд гурван удаа дөрөвдүгээр байр эзэлжээ. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээний талаар Үндэсний шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатар "Манай шигшээ багийн хувьд тавдугаар сарын 1-нээс нэгдсэн бэлтгэлдээ гарсан. Одоогийн байдлаар сэргээх бэлтгэлээ базаагаад баг тамирчид нэг дороо байрлаж буй. Өнгөрсөн зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 14-нийг хүртэл БНХАУ, Вьетнам улсад эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдаад нөхөрсөг тоглолтод оролцсон. Тухайлбал БНХАУ-д Австрали болон БНХАУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Нөхөрсөг тоглолтод оролцсон Хятадын баг энэ тэмцээнд оролцох юм.

Манай багийн бүрэлдэхүүний хувьд гаднын лигт тоглодог 4-5 тамирчин маань шигшээдээ нэгдсэн. Бид өмнө нь нэг багт хамт тоглож байгаагүй ч энэ удаагийн тэмцээнд хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцож байгаа гэж бодож байна. Сэтгэлзүй болон бие бялдрын бэлтгэл бүрэн хангагдсан.

Шигшээ багийн дасгалжуулагчийн багт таван хүн бий. Хоёр нь Аргентин, гурав нь Монголынх. Гадаад дасгалжуулагчийн ур чадвар, тактик бидний өмнө нь тоглож байснаас эрс өөрчлөгдсөн. Шинэ дасгалжуулагчид биднээр тогтмол биеийн хүчний дасгал хийлгэсэн. Тэмцээн эхэлтэл биеийн хүчний дасгалаа цаашид үргэлжлүүлнэ.

Өрсөлдөгчийн хувьд Зүүн Азидаа төдийгүй тивдээ дээгүүр бичигддэг Япон, БНСУ, Тайвань болон БНХАУ-ын багтай хүч үзнэ. Дасгалжуулагчийн баг маань эдгээр багуудын олон улсын тэмцээний тоглолт, видео бичлэгийг үзэж дүн шинжилгээ хийсэн байгаа. Гэхдээ одоогоор бидэнд танилцуулаагүй байна. Тэмцээн дөхөхөөр ямар багтай яаж тоглох талаар ярилцах болов уу" гэв.

Олон Улсаас нийт 150 гаруй тамирчин тэмцээний турш Баянгол зочид буудалд байрлах юм. Энэ тэмцээнд сайн оролцож чансаагаа ахиулбал Азийн наадамд оролцох боломж нээгдэх, мөн олон улсын тэмцээнээс анхны медалиа авах зорилготой байгаагаа зохион байгуулагчид онцоллоо.