“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төслийг хэрэгжүүлж буй.
Энэхүү дэд төслийн нэгдүгээр багцад нийслэлийн 5 дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд үерийн хамгаалалтын суваг ба далан, борооны ус зайлуулах шугам бүхий нийт 95.5 километр урт усны барилга, байгууламжийг 2026-2033 онд барихаар төлөвлөжээ.
Харин хоёрдугаар багцад хотын төвийн хорооллын 50-60 жилийн насжилттай ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэх бөгөөд нийтдээ 40 километр орчим урттай бохир ус дамжуулах хуучин хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, 350 гаруй худгийг засварлаж, шинэчилснээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, инженерийн байгууламжийн ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна гэж тооцоолсон байна.
Өнөөдрийн байдлаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж дуусган, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлалаар батлуулах үйл явц үргэлжилж байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас(ННТУГ) мэдээллээ.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төсөл хэрэгжсэнээр нутаг дэвсгэрт оршин суудаг 128 мянга хүртэлх хүн ам үерийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж, үерийн халилтын улмаас үүсдэг хөрс, усны бохирдол багасах аж.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий