Тавын давааг тэргүүлэн барилдсан дархан аварга Н.Батсуурь нас, нутаг ойролцоо гарди Ө.Бат-Оршихыг амлан авч давснаар улсын баяр наадамдаа 15 дахь удаагаа шөвгөрөв. Н.Батсуурь аварга зургаагийн даваанд аймгийн арслан Б.Өсөхбаярыг амлан аваад байна.

Том цолтой бөхчүүдээс улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, заан Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Серик нар өвдөг шороодсон юм.

Энэ даваанд улсын цолгүй хоёр бөх ам авах боломж гарсан. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ө.Батсуурь нар ам бөхөө давснаар улсын цолтны эгнээнд багтсан бол аймгийн арслан М.Баяржавхлан, цэргийн заан Б.Гончигсүрэн нар тунасан. Тунасан хоёрын барилдаанд Б.Гончигсүрэн илүүрхсэнээр тэр сарын дотор гурав дахь цолоо хүртэв.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард бүх цэргийн баяраар үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн бол наадмаас хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн наадамд түрүүлснээр аймгийн арслан цол хүртээд байсан юм.

Гэхдээ улсын баяр наадмын бүртгэлд цэргийн заан цолтойгоороо бүртгүүлсэн билээ.

ФОТО