Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар илтгэл танилцуулсныг хүргэж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр би энэ яриаг илүү тодорхой агуулгатайгаар өрнүүлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирээдүйд ямар улс болж болох тухай бус харин өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж, ямар хууль эрх зүйн шинэчлэл хийж, ямар хөрөнгө оруулалтын төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулахыг зорьж байна.

Манай Засгийн газар байгуулагдсан өнгөрсөн 80 гаруй хоногийн хугацаанд нэг үндсэн зорилгыг тууштай баримталж ирлээ. Тэр нь сайн санаачилга бодит ажил болох замд тулгарч буй бүх саад бэрхшээлийг арилгах явдал юм.

Бид энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийг "UNLOCK Mongolia" буюу "Монголыг нээе" үндэсний санаачилга гэж нэрлэсэн. Энэхүү санаачилгыг би Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

UNLOCK Mongolia санаачилга нь дөрвөн үндсэн тулгуур чиглэлд суурилдаг.

Энэ бол ирээдүйн алсын харааны баримт бичиг биш. Харин өнөөдөр бодитоор хэрэгжиж буй ажлын тайлан юм. Өөрөөр хэлбэл аль хэдийн батлагдсан хууль тогтоомж, хэрэгжиж эхэлсэн татварын шинэчлэл, мөн энэ парламентын хугацаанд бодитоор урагшилж буй томоохон төслүүдийн тухай ярьж байна.

Энэ удаагийн парламентын чуулганаар бид татварын эрх зүйн орчин, тэтгэврийн шинэчлэл, бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн 100 орчим хууль, эрх зүйн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Би энэ бүхнийг аль болох энгийн, ойлгомжтойгоор танилцуулж байна. Учир нь хөрөнгө оруулалтыг энэ улсад татдаг зүйл нь уриа лоозон биш, харин итгэлцэл, бодит үр дүн юм.

Тиймээс одоо UNLOCK Mongolia санаачилгын дөрвөн тулгуур чиглэл тус бүрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулъя. Үүний дараа та бүхний асуулт, санал, шүүмжлэлийг нээлттэйгээр сонсохдоо баяртай байх болно.


Юуны өмнө манай Засгийн газрын богино хугацааны хөгжлийн бодлогын үндэс болсон UNLOCK буюу Үндэсний хүнд суртлыг бууруулах санаачилгын талаар товч танилцуулъя.

Би 2016 оноос хойш гурван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж ажилласан.

Эдгээр албан тушаалд ажиллах хугацаандаа төрийн хүнд суртал нь иргэд, аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад бодит эдийн засгийн зардал учруулдаг болохыг өөрийн биеэр харж, мэдэрсэн.

Иймээс эхлээд Улсын Их Хурлын даргын хувьд, өнөөдөр Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндэсний хүнд суртлыг бууруулах "UNLOCK" санаачилгыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгын гол үзэл баримтлал маш энгийн. Монгол Улс эдийн засгийн асар их нөөц боломжтой. Гэвч хэт олон шат дамжлага, зөвшөөрлийн тогтолцоо, хууль эрх зүйн тодорхой бус байдал нь хөрөнгө оруулалт болон бизнесийн үйл ажиллагааг удаашруулсаар байна.

Тиймээс Засгийн газар эдийн засгийг нээж, ногоон шилжилтийг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, иргэд, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав