Тэрбээр хэлэхдээ "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шүлхий өвчний халдвар байхгүй. Нийслэлийн мал эмнэлгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих үе шаттай хэрэгжүүлж байна.

Бид бүхэн хаврын масс вакцинжуулалтыг 2026 оны хоёр, гуравдугаар сард гахай, үхэрт нэг бүрчлэн хийж дуусгасан. Сая орон нутагт шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаал болон нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод байгаа 317 мянга орчим бог малыг толгой бүрчлэн дархлаажуулсан. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 81.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал 258 мянга орчим бог малыг вакцинжуулсан. 

Одоогийн байдлаар бог малын тоо толгой ихтэй Багануур, Сонгинохайрхан дүүргийн вакцинжуулалт арай дуусаагүй. Ойрын хоёр хоногтоо вакцинжуулалт дуусах төлөвлөгөөтэй байна.

Мөн хяналтын цэгүүдийг ажиллуулж байгаа. Хот руу нэвтэрч байгаа хяналтын цэгүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт болон чанар, аюулгүй байдалд бид хяналт тавьдаг. Өнөөдрийн байдлаар хорио цээртэй бүс нутгуудаас бүтээгдэхүүн орж ирсэн зөрчил байхгүй.

Нийт хяналтын цэгээр мал амьтны гаралтай бүтээгдэхүүн тогтмол орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоогоогүй бүс нутгаас орж ирсэн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийгдэж байна. Нөхцөл байдал нийслэлд тайван, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тутам авч байна" гэв. 

Үргэлжлүүлэн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ "Нийслэлийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны өдрийн хооронд Улаанбаатар хот руу зорчих, шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн

  • голомттой бүсээс мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг оруулахгүй байхыг анхааруулъя. 
  • голомтын бус эрүүл бүс нутгаас дайвар бүтээгдэхүүн оруулах тохиолдолд гарал үүслийн бичигтэйгээр нэвтэрч орно.
  • маршрутын биш замаар мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхгүй байх чиглэлд сэрэмжлүүлье. 

Хөдөлгөөнт пост, хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд маршрутын дагуу 10 байрлалд зохион байгуулж байна. Хяналт шалгалтыг зохион байгуулж буй газрууд нь:

  • Нийслэлийн онцгой байдлын газар
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газар
  • Нийслэлийн мал эмнэлгийн газар
  • Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй ажиллана.

Ингэхдээ шалган нэвтрүүлэх авто тээврийн товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал 10 цэгт Мал эмнэлгийн газраас нэг, Тээврийн цагдаагийн албанаас нэг, Замын цагдаагийн газраас нэг буюу нийтдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй 10 цэгт 30 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллана.

Маршрутын бус чиглэлд хөдөлгөөнт эргүүлүүд үүрэг гүйцэтгэнэ. Дүүргийн цагдаагийн газар, дүүргийн онцгой байдлын хэлтсүүдээс хамтарсан бүрэлдэхүүн гарч нийт 21 цэгт хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.

Маршрутын бус чиглэлээр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн орж ирэх эрсдэлтэй. Ийм газраас мал, амьтныг гарал үүслийн бичиггүйгээр оруулж ирсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцдог. 

Шүлхий өвчний халдвартай байгаа аймаг, орон нутгаас орж ирж болзошгүй мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Одоогийн байдлаар шүлхий өвчний голомттой бүс нутгаас нийслэл рүү нэвтэрсэн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн байхгүй" гэдгийг хэллээ.