Москва хотын зүүн өмнөд дүүргийн оршин суугчид тэнгэрээс”хар бороо” орсны улмаас хувцсан дээр нь хар толбо үлдэж байгаа талаар гомдоллосон байна.
Хотын эрх баригчид үүнийг няцаасан хэдий ч оршин суугчдад цонхоо хааж, хүүхэдтэй гэр бүлүүд, ахмад настнууд, амьсгалын замын өвчтэй хүмүүст хотоос гарч явахыг албан ёсны сувгаараа зөвлөжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр 24 цагийн дотор тус улс даяар Украины 1,000 орчим нисгэгчгүй онгоц, дөрвөн далавчит пуужинг устгасан гэнэ. Эдгээрээс 200 орчим нь Москваг чиглэжээ. Ростов мужийн өмнөд хэсэгт газрын тосны агуулах цохилтод өртсөний улмаас нэг хүний амь үрэгдсэнийг бас мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Киев хотод агаараас довтлохдоо тус хотын шашны томоохон байгууламж болох Печерск Лавра хийдийг шатаасан билээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт Москва хотод хоёр удаа довтолсноо дээрх халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.
“Бид энэ дайныг хэзээ ч хүсээгүй. Гэхдээ хэрэв Украин шатвал Москва ч бас шатах болно” гэж тэр хэлсэн байна.
Хариуд нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын зэвсэгт хүчнээс Киевт өгөх дараагийн агаарын цохилт нь “илүү өргөн хүрээтэй” байхыг анхааруулаад “үгээр анхааруулах нь хангалтгүй гэдэгт анхнаасаа итгэлтэй” байснаа мэдэгджээ.
Москва хотын зүүн өмнөд хэсэгт оршдог Капотня газрын тос боловсруулах үйлдвэр энэ сард гурав дахь удаагаа, энэ долоо хоногт хоёр дахь удаагаа Украины агаарын цохилтод өртсөн юм.
Сошиал ертөнцөд газрын тос хадгалах савны дээвэр хэдэн арван метрийн өндөрт шидэгдэж байгааг харуулсан онцгой мөчийн зураг, бичлэгүүд тараад байна. Эрх баригчид Украины халдлагын зураг бичлэгийг тараахыг иргэддээ хориглосон ч дийлдэхгүй байгаа юм.
Москва хотын дөрвөн нисэх буудлыг түр хугацаагаар хааж, 500 гаруй нислэгийг цуцалсан буюу хойшлуулжээ.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн унагасан нисгэгчгүй онгоцнууд орон сууц, худалдааны төвүүдийн дээрээс унаж, галд автуулсан байна.
Украины агаарын цохилтын хүч сүүлийн үед эрс сайжирсны улмаас тус улсын хилээс 500 км зайд оршдог Москва хот халдлагад өртөх явдал улам нэмэгдэж байгаа. Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд эдгээрийг бүрэн няцааж чадахгүй байгаа юм.
Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига
“Өнөө өглөө москвачуудын хамгийн түгээмэл асуулт ‘Юу болоод байна аа?’ байлаа. Би үүнд хариулж чадна. Танай улс манай улсын эсрэг түрэмгий дайн эхлүүлсэн. Олон жилийн турш манай ард түмнийг хөнөөж байсан. Одоо юу болж буйг та бүхэн ойлгосон тул Путинээс хэзээ үүнийг зогсоохоор төлөвлөж байгааг нь асуугаарай”
гэж сошиал хуудсандаа бичжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий