Хот төлөвлөлт, судалгааны институтийн ерөнхий инженер Б.Лхагвасүрэн хэлэхдээ "КОП-17 хуралтай холбогдуулан нийслэл хотоос ногоон бүс буюу үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайг зохион байгуулах ажлыг хийсэн.

Энэ хүрээнд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх долоон барилга байгууламжийн ажлыг гүйцэтгээд байна.

Эдгээр барилга, байгууламжаас дурдвал:

  • 4,000 метр квадрат талбайтай, дотоод болон гадаадын ААН-үүдийн үзэсгэлэнгийн танхимуудыг хийж байгаа. Үүнд 39 ААН болон төсөл хөтөлбөрийг танилцуулахаар төлөвлөж байна.
  • 1,500 метр квадраттай барилга дээр шинжлэх ухааны павильон буюу хурлын хоёр том заал, олон нийтэд зориулсан заал талбайг шийдсэн. Дотоодын болон байгаль орчны чиглэлээр судалгаа гүйцэтгэдэг судлаачид, иргэдийн илтгэлийг энэхүү зааланд танилцуулах хөтөлбөртэй байгаа. 
  • 1,700 метр квадрат талбайтай үзэсгэлэнгийн павильоны хэсгүүдэд иргэний нийгмийн байгууллага, яамд болон агентлагуудын байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, илтгэлийг танилцуулах зориулалттай. 

Мөн ногоон бүсэд ажилчдын хоол хүнс болон хувцас солих техникийн зориулалттай барилга байгууламж барьж байгаа. 

Төлөвлөлтийн бүсийн голд гол тайз байрлана. 12 хоногийн хугацаанд урлагийн болон илтгэл тавигдах тайз. 

Төлөвлөлтийн бүсэд баригдаж байгаа гурван гэрт Монгол Улсынхаа биет, биет бус соёл, соёлын өвийг танилцуулах зориулалттай үзэсгэлэнгийн гэрүүдийг барихаар төлөвлөж байна.

Мөн КОП-17 олон улсын хурлыг тохиолдуулан байгаль орчны чиглэлээр болон өөр бусад чиглэлийн киноны нээлтийг хийх төлөвлөгөө гарсан. 

Өнөөдрийн байдлаар ногоон бүсийн барилга байгууламж 100 хувийн гүйцэтгэлтэй бэлэн болсон" гэлээ.