Мөн экспортын дүн импортын дүнгээс 5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Монгол Улс энэ оны долоодугаар сарын байдлаар экспортод 12.2 тэрбум ам долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 3.1 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар, 10.9 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар тус тус буурчээ.

Манай улсын экспортын орлогын 82.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрс бүрдүүлж байна. Тухайлбал чулуун нүүрс энэ оны эхний долоон сард 65.6 сая тонныг экспортолсон өмнөх оны мөн үеэс 58.6 хувиар өссөн дүн юм. Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.53 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үеэс 23 хувиар нэмэгдсэнийг илтгэж байна.