Энэхүү ойн хүндэтгэлийн арга хэмжээ долоодугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод болж, Фулбрайтын хөтөлбөрийн үе үе төгсөгчид болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны хамт олон тэмдэглэн өнгөрүүллээ.

1946 онд АНУ-ын сенатор Ж.Уильяам Фулбрайтын санаачилгаар байгуулагдсан энэ хөтөлбөр өдгөө 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, 400,000 гаруй төгсөгчтэй болжээ. Харин манай улсад Фулбрайт хөтөлбөр хэрэгжиж эхлээд 30 гаруй жил өнгөрч буй бөгөөд Монголын 400 гаруй залуус АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцсан бол АНУ-аас 250 гаруй залуус Монголд ирж суралцжээ. Өөрөөр хэлбэл хоёр улсын нийтдээ 650 гаруй залуу боловсон хүчин эрдэм мэдлэг, нийгмийн хүрээллээ тэлж, ажил мэргэжлийн замналаа шинэ шатанд гаргах боломжийг энэхүү хөтөлбөр олгоод байна.