Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Ерөнхий сайд Н.Учрал хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хөрөнгө оруулагчийн ажилд саад болж буй энэ хууль бус зүйл хийсэн хүмүүст хариуцлага тооцох үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын даргад өгсөн. ЦЕГ-ын даргатай шууд холбогдон Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хууль бусаар зам хаасныг болиулах чиглэл өгсөн. 

Хуулийн хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болж таарна. Өдөрт багадаа 4.3-5 тэрбум төгрөгийн орлогыг тасалдуулж байгаа. Энэ нь хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгал, цалинд санхүүжилт болж ордог. Уг орлогыг тасалдуулна гэдэг нь Монголын ард иргэдийн эрх ашигт нөлөөлнө.

Хоёрдугаарт улсын болон орон нутгийн чанартай авто замыг хаах нь хуулийн хариуцлагатай" гэв.

Түүнчлэн "Оюу толгой" ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцээрийн ширээний ард сууж, хууль дүрмийн дагуу шийдэх ёстой болохоос, эзэнгүй улс шиг зэрлэг балмад аргаар шийдэх боломжгүй гэсэн юм.