Уг хуулийн төслөөр тэтгэврийн тогтолцоог шинэчлэх юм байна. Тухайлбал одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 1979 оноос хойш төрсөн иргэд нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор байгааг болиулж хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд Н.Учрал "1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн данс үүсгэсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, нэрийн данстай 264,252 хүн бий. Тэднээс нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолгох уу гэж асуухад сонгосон найман л хүн байна. Нэрийн данс гэдэг бол хийсвэр худлаа зүйл гэдэг нь эндээс харагдана. 264 мянган хүнд ашиггүй, найман хүнд ашигтай нэрийн данс цаашид байх хэрэгтэй юу. 

1960 оноос төрсөн бүх даатгуулагчид 2000 онд нэрийн данс үүсгээд, 2015 оноос тэтгэвэр нь огцом буурах байсан тул 1979 он болгож хойшлуулсан. Гэхдээ энэ нь амжилттай болж чадаагүй.

Нэрийн дансны аргаар бодуулбал цалин багатай иргэдийн тэтгэвэр хангалтгүй болно. 1979 онд төрсөн, нэрийн данснаасаа бодуул гэсэн хүний тэтгэвэр нь 1978 онд төрсөн хүнийхээс дунджаар 40 хувь буурч байгаа. Нэрийн данс бол зөв тогтолцоо биш тул хагас хуримтлалыг санал болгож байна.

2024 онд нийгмийн даатгалын багц хуулийг батлахад мөнгөжүүлье гээд хоёр хувийг хуримтлал руу оруулсан. 2024 оноос хойш 1.5 их наяд төгрөг хуримтлагдах ёстой байсан. Гэтэл одоогоор 393 тэрбум төгрөг л бий. Мөн хуримтлагдсан мөнгөө тэтгэвэр тогтоолгосон иргэд яаж авахаа ч мэддэггүй. Зориулалт нь тодорхойгүй. Хуримтлал үүсгэх зорилго нь хөрөнгө оруулалт, менежментийн компаниар удирдуулж, бонд хувьцаа авдаг, өгөөжийг нь хүртдэг.

2,000,000 төгрөгийн цалинтай иргэн шимтгэлээсээ нэг хувийг хуримтлалд өгөхөөр сонгож болно. Тэгвэл Засгийн газраас 0.5 хувийн дэмжлэг үзүүлнэ. Үүнийг ойролцоогоор 10 хувийн хүүтэйгээ бодоход 396,000 төгрөгийн хуримтлал үүснэ. 25 жилийн дараа гэхэд 50,000,000 төгрөгийн хуримтлал үүснэ.