Нэгдүгээр тойрог зам төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулсан.

“Нэгдүгээр тойрог зам” барих төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор батлуулсан. Тус зам нь нийт 24.79 км урттай бөгөөд хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй байхаар төлөвлөсөн.

Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна.

Төслийн зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 23-нд дахин зарласан бөгөөд 5 дугаар сарын сарын 20-нд нээх байсан боловч оролцсон хоёр компани нь баталгаа байршуулаагүйн улмаас үнэлгээний хороо тендерийг нээхээс татгалзжээ.

“Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийн гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү төсөл нь 21.32 км урттай бөгөөд хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Нэгдүгээр тойрог замтай шууд холбох трасстай. Тодруулбал тус төслийн баруун трасс нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн "Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп" ХХК боловсруулжээ.

“Олон түвшний уулзвар” төслийг нийслэлийн 18 байршилд төлөвлөсөн.

Тус олон түвшний уулзвар төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөв боловсруулах ажлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд захиалагчийн хяналт тавих ажлыг “Нийслэлийн Замын хөгжлийн газар” хариуцан ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэг, Моносын уулзвар, Хан-Уул дүүрэг, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүрэг, Офицер уулзвар, Наадамчдын зам, явган гүүр болон Баянзүрх дүүрэг, 42 хороо, Нарт хотхоноос зүүн талын гүүр гэсэн таван байршил дахь техник, эдийн засгийн үндэслэл болон ажлын зураг төслийг боловсруулж баталсан. Тус таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил хийгдэж холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцөж дууссан бөгөөд Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Моносын уулзварын трасст өртсөн дулааны шугам, уурын шугамын зөөж шилжүүлэх ажлын нарийвчилсан зургийг зөвшилцөөд байна гэж танилцууллаа.

Сануулахад нэгдүгээр тойрог зам төслийн нийт төсөвт өртөг 918.57 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөг бол хоёрдугаар тойрог зам болон таван байршлын олон түвшний уулзварыг байгуулах төсөвт өртгийг тодорхой мэдээлээгүй байна.