“Улаанбаатар Гурил” ХХК-ийн MonBeef брэндийн мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлын олон улсын HACCP (Hazard Analysis and Critical Control Points) буюу “Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо”-г үйлдвэрлэлийн бүхий л шатанд амжилттай нэвтрүүлж, чанар, эрүүл ахуйн олон улсын стандартын сертификатаа албан ёсоор гардан авлаа.

Энэхүү амжилт нь Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт чанарын шинэ түвшнийг тодорхойлж, хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүн бүр олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцэж буйг бататгаж байна.

HACCP тогтолцоо гэж юу вэ? Түүний ач холбогдол

HACCP нь хүнсний үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд үүсэж болзошгүй биологи, хими, физикийн аюулыг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх болон хяналт тавихад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй хүнсний аюулгүй байдлын тогтолцоо юм.

MonBeef Үйлдвэрт HACCP стандартыг нэвтрүүлсэн туршлага

MonBeef брэнд нь мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэртээ HACCP тогтолцоог үе шаттай, системтэй нэвтрүүлэх зорилгоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээний дагуу 6 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлэн олон улсын шаардлагуудыг бүрэн хангаснаар SFCS баталгаажуулалтын байгууллагаас сертификатаа ийнхүү авч байна.

Энэхүү стандартыг амжилттай нутагшуулах хүрээнд үйлдвэрлэлийн дэд бүтэц, махны чанар, технологийн шинэчлэлээс гадна хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм.