“Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжив. Ингэснээр журмын нэмэлт өөрчлөлтийн төсөлд холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд, сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас санал авах ажлыг зохион байгуулж, дүнг нэгтгэж НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг хотын даргад тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Сургуулийн эргүүлийн журам”-д:

  • “School police” буюу сургуулийн эргүүлд ажиллаж буй эцэг, эхэд ажил олгогчоос бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох
  • Сургуулийн орчимд эргүүл хийх эцэг, эхийн тоо 4 байгааг 6 болгон нэмэгдүүлэх
  • Бизнес болтлоо өргөжөөд байгаа “Төлбөртэй эргүүл”-ийг таслан зогсоох зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулах гэж буй.

Дээрх өөрчлөлтийг оруулснаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419,000 сурагчийн эрх ашиг, аюулгүй байдал, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байна.

Харин төлөөлөгч О.Зундуйдорж "Эмэгтэй хүнийг 55, эрэгтэй хүнийг 60 нас хүрэхээр тэтгэвэрт гаргадаг. 680 мянган төгрөгийн тэтгэвэр тэдний амьдралд хүрэлцэхгүй байна. 

55 настай эмэгтэй, 60-тай эрэгтэй хүнийг би хөгшин гэж харахгүй. Нийгмийн болон амьдралын идэвхтэй эдгээр насны хүмүүсийг нэмэлт төлбөрийн хэрэгслээр хангаж, ажиллуулахыг журмын төсөлд оруулах саналтай байна. 

Сургууль орчмын асуудалд настай хүмүүс илүү хариуцлагатай ажиллана гэж бодож байна. 40,000 төгрөгөөр School police хийх зарууд байдаг. Энэ асуудлыг бодлогоор зохицуулж, журамд тусгамаар байна" гэсэн саналыг хэлэв.

Түүний саналыг журмын төсөлд тусгахаар болов.