“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээллээр үнэт цаасны хоёрдогч зах зээлийн нийт арилжаа 2025 оны мөн үеийн 242.5 тэрбум төгрөгөөс 274.4 тэрбум төгрөгт хүрч, 13.2%-иар өссөн байна. Энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй шинэчлэлийн эхний эерэг дохио болж байна.

Хувьцааны хоёрдогч арилжаа 140.0 тэрбум төгрөгт хүрч 26.2%-иар, бондын хоёрдогч арилжаа 112.8 тэрбум төгрөгт хүрч 79%-иар тус тус нэмэгдсэн бол Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч арилжаа 1.9 тэрбум төгрөгөөр идэвхжжээ. Харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч арилжаа 71.4%, хөрөнгө оруулалтын сангийнх 68.9%-иар буурсан тул өсөлт бүтээгдэхүүн бүрд жигд бус байв.

Хөтөлбөрийн эхний хэмжигдэхүйц үр дүн

МХБ 2026 оны дөрөвдүгээр сараас “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, зах зээл үүсгэгчийн журмыг шинэчлэх, шорт арилжаа болон үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ил тод мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Зах зээл үүсгэх ажиллагаа эхэлсэн “Монос хүнс” ХК-ийн хувьцааны авах, зарах үнийн дундаж зөрүү 2026 оны 1-6 дугаар сарын 1.02%-аас 6-7 дугаар сард 0.56% болж, 0.46 нэгж хувиар буюу ойролцоогоор 45%-иар багасжээ. Үнийн зөрүү багасах нь хөрөнгө оруулагчид зах зээлийн үнэд ойр нөхцөлөөр арилжаа хийх боломж сайжирч байгааг илэрхийлнэ.

Эхний хагас жилийн онцлох тоо

  • Нийт арилжаа: 6.73 их наяд ₮
  • Өдрийн дундаж арилжаа: 54.6 тэрбум ₮
  • Зах зээлийн үнэлгээ: 13.7 их наяд ₮
  • ТОП-20 индекс: 53,031.59 нэгж, +7.69%

Мөн бондын анхдагч зах зээлийн арилжаа 350 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,378%-иар өссөн нь компаниуд хөрөнгийн зах зээлээр санхүүжилт татах идэвх нэмэгдэж байгааг харууллаа.

Хоёрдогч зах зээлийн өсөлтийг зөвхөн тусгай хөтөлбөрийн шууд үр дүн гэж бүрэн дүгнэхэд эрт боловч зах зээл үүсгэгч ажиллаж эхэлсэн үнэт цаасны үнийн зөрүү богино хугацаанд багассан нь хөтөлбөрийн нөлөөг хэмжих бодит эхний үзүүлэлт болж байна.

Цаашид үр дүнг зөвхөн арилжааны дүнгээр бус үнийн зөрүү, худалдан авах, худалдах захиалгын төвлөрөл, идэвхтэй үнэт цаасны тоо, захиалгын биелэлт зэрэг хөрвөх чадварын гол үзүүлэлтээр тогтмол үнэлнэ.

МХБ дараагийн шатанд шорт арилжаа, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, индексэд суурилсан ETF-үүдийг нэвтрүүлэх, open.mse.mn платформоор тайлагнал ба мэдээллийн хүртээмжийг сайжруулах, олон нийтийн санхүү, хөрөнгийн зах зээлийн боловсролыг өргөжүүлэхээр ажиллаж байна.