- Монголия создает первый геопарк 'Ханбогд Шар цав' в пустыне Гоби.
- Геопарк включает территории четырех сомонов в аймаках Умнеговь и Дорноговь.
- ЮНЕСКО признала этот регион 'колыбелью древней жизни' еще в 2018 году.
- В 2023 году создан Национальный комитет геопарков и запущен проект с ЮНЕСКО и Rio Tinto.
- Монголия готовится подать официальную заявку на статус глобального геопарка ЮНЕСКО.
Тэрчлэн хүн төрөлхтний 2 сая жилийн түүхийн гэрч – Малайзын Ленггонг, одоогоос 450 гаруй сая жилийн өмнө өрнөсөн уул үүсэх хүчтэй үйл явцын түүхийг өөртөө агуулдаг Ирландын Жойс Кантри болон Баруун нуурууд, сая сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворууд бүхий цөлийн өвөрмөц тогтоц, уулархаг ландшафт хадгалагдан үлдсэн Тунисын Дахар тэргүүтэй 12 газар нутгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага – ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс Дэлхийн геопарк хэмээн энэ онд тунхаглаад байна. Ийнхүү нийлбэр дүнгээрээ дэлхий дахинаа тус байгууллагаас тэмдэглэсэн Дэлхийн геопарк нийт 241 болжээ. Дэлхийн эдгээр гайхамшиг, байгаль, геологи, түүх, соёлын өв олон улсын 51 орны газар нутгийг хамран оршиж байна.
Товчхондоо, олон улсын шинжлэх ухааны ач холбогдолтой, нэн ховор эсвэл нэн үзэсгэлэнтэй геологийн тогтоц, байгалийн төрх бүхий газар нутгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) Дэлхийн геопарк хэмээн ач холбогдлыг нь үнэлэн нэрийддэг. Гэхдээ геопарк нь зөвхөн байгалийн тогтоц, ландшафтаар хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээтэй ойлголтоор илэрхийлэгдэх агаад байгалийн ховор тогтцыг хадгалан хамгаалаад зогсохгүй, түүнд түшиглэн орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой цогц “амьд музей” хэмээн томьёолж болно.
Тэгвэл Монгол нутгийн өмнөдөд, Өмнөговь болон Дорноговь аймгийн дөрвөн сумын нутгийг дамнан “Ханбогд Шар цав” хэмээх Монгол Улсын анхны геопаркийг байгуулж, дэлхий дахинаа дагшин байгаль, түүх, соёлын өвөөр дархлагдах эхлэл тавигдлаа.
Нэгэн цагт үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан, дэлхий дээрх ихэнх амьдралаас өмнө үүссэн боржингийн тогтоц бүхий хадат уулс, олон зуун мянган жилийн туршид зон олны хүндэтгэн биширч ирсэн эртний сүм хийдийн туурь бүхий байгаль, түүх, соёлын цогцолбор болсон энэ нутгийг ЮНЕСКО-ийн олон улсын шинжээчид “Эртний амьдралын өлгий нутаг” хэмээн үнэлэн, “Ханбогд, Шар цав болон Дэмчогийн хийд орчмын газар нутгийг геопарк болгон хөгжүүлэх боломжтой” хэмээн анх 2018 онд тэмдэглэж байв.
Улмаар Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, энэ хүрээнд геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, судалгааг өргөжүүлэх, Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх зорилгоор 2023 онд Геопаркийн үндэсний хороог байгуулжээ.
2023 онд ЮНЕСКО болон “Рио Тинто Монгол” компанийн хамтын ажиллагааны хүрээнд “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг эхлүүлсэн нь геопарк хөгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргасан байна. Ийнхүү олон улсын дэмжлэгтэйгээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өдгөө Монгол Улс анхны Дэлхийн геопаркийг нээх томоохон болзлуудыг хангаж, хүсэлтийг албан ёсоор илгээхэд бэлэн болоод байна.
Монголчуудын төдийгүй эх дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, байгалийн хосгүй тогтоц нэгэн дор цогцлон орших, цагийн эргэлтэд элэгдэж, хөндөгдөөгүй эл цогцолбор Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай болон Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдын нутгийг хамран орших агаад 300 сая жилийн түүхийг өөртөө агуулсан 25 дурсгалт газар хамаарах аж.
Онцлон дурдвал, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Шар цавын орчимд 5-6 төрөл зүйлийн 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөрний хэв хадгалагдан үлдсэн байдаг бол Ханбогд сумын нутаг дахь ирмэглэсэн хүрээ бүхий өвөрмөц цагариган бүтэцтэй Ханбогд шүлтлэг боржингийн массив нь геологийн хосгүй тогтцод тооцогддог.
Тэрчлэн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 156 сая жилийн түүхтэй Сүйхэнтийн чулуужсан ой оршиж буй бол 30 сая жилийн тэртээх эртний амьдралын ул мөрийг хадгалан үлдсэн, байгалийн онцгой тогтоц бүхий тэгш өндөрлөг газар – Эргэлийн зоо нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт бий. Эдгээрийг нийлбэрээр нь ийнхүү “Ханбогд Шар цав” хэмээн нэрийдэж, Дэлхийн геопаркуудад тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд геопарк болгон хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Ирэх жилийн өдий гэхэд албан ёсоор бүртгэгдэх болов уу хэмээн албаны хүмүүс өгүүлж байна.
"Геопарк" гэхээр зөвхөн шинжлэх ухааны хуурай нэр томьёо бус. Үнэн хэрэгтээ дэлхийн аялал жуулчлалын сэтгүүлүүдийн хавтсанд үзэгддэг, хүн бүрийн очихыг хүсдэг газрууд бүгд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Жишээ татан тайлбарлая. Ирландыг зоригсод Мохерын хавцлыг үзэхээр очдог ч Атлантын далай руу тулж боссон 200 гаруй метр өндөр эл эгц хадан хавцал нь ЮНЕСКО-ийн хамгаалалттай геопарк гэдгийг тэр бүр мэддэггүй. Түүний хажууханд сарны гадаргууг санагдуулам цав цагаан, ан цав бүхий шохойн чулуун тэгш өндөрлөг (Буррен) байх бөгөөд тэнд туйлын болон өндөр уулын ховор зэрлэг цэцэгс ургадаг.
Түүнчлэн далайн гүнд шумбагчдын хувьд "Дэлхий дээрх диваажин" гэж нэрлэгддэг Индонезийн Ража Ампатыг энд дурдаж болно. Номин ногоон тунгалаг уснаас ургаж гарсан мэт мөөгөн хэлбэртэй шохойн чулуун арлуудаараа алдартай бөгөөд далайн хамгийн баялаг шүрэн хадны экосистем энд л оршдог. Хамгийн ойрын жишээ татвал, БНСУ-ын Жэжү арал ч мөн ЮНЕСКО-ийн гурван том статусыг (Дэлхийн геопарк, Биосферийн нөөц газар, Дэлхийн байгалийн өв) зэрэг хүртсэн дэлхийн анхны “Гурван титэмт” газар нутаг билээ.
Ерөөс ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк хэмээх статус нь тухайн бүс нутгийг дэлхийн хэмжээний аялал жуулчлалын брэнд болгон хувиргах үлэмж хэмжээний ач холбогдолтой. Тиймээс монголчууд эх нутгийн өмнөд дэх дагшин байгаль, түүхийн ул мөр, соёлын өвийг үндэсний хэмжээний төдийгүй дэлхийн түвшний бахархал болгох, олон улсад таниулах дараагийн алхмыг хийж байна хэмээн энэ үйл явдлын ач холбогдлыг тодорхойлж байна.
Ханбогд боржингийн массив, үлэг гүрвэлийн мөрт Шар цаваар нэрлэгдэж буй “Ханбогд Шар цав” геопаркийн нээлтийн арга хэмжээг долдугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Дэмчогийн соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж, Монгол Улсын анхны геопаркийг албан ёсоор зарласан нь ч учиртай. Говийн V ноён хутагт Д.Данзанравжаагийн 1828-1830 оны үед байгуулсан Галбын гурван хийдийн нэг – байц хадан дунд баригдсан Дэмчог хийдийн орчмыг нутгийн иргэд Дэлхийн энергийн төв хэмээн нэрийддэг. “Дээд амгалант” хэмээх утгыг өөртөө агуулах Дэмчог хийдийг тойрон эдгээр байгаль, түүхийн гайхамшиг оршиж буй.
Ханбогд сум байгалийн яндашгүй баялаг, Оюутолгойн ордын зэс–алтны үлэмж агуулгаар илэрхийлэгдэн дэлхий дахинаа анхлан танигдаж байв. Харин өдгөө дагшин байгаль, түүх, давтагдашгүй өв соёлоороо ийнхүү дахин давтан дэлхийн сонорт хүрч байна.
Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг
“Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО байгууллага хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын анхны геопаркийг байгуулах ажлыг зорилтдоо тусгасан. Өнөөдөр бид энэхүү зорилтыг биелүүлэх ажлыг бодитоор эхлүүлж байна. Ханбогд Шар цавын нутаг дэвсгэрт бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн байгаль орчин, геологи, палеонтологийн хосгүй үнэт өвтэй ариун дагшин газар юм. Энэ нутагт дэлхийн геопарк болсон Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний нийтлэг өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурийг эзлэх юм”
хэмээн тодотгож байна.
Харин НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиерден
“Энэ нь зөвхөн байгалийн тогтцыг хамгаалах тухай ойлголт бус. Харин иргэдэд шинэ боломж бололцоог нээх тухай асуудал юм. Тогтвортой аялал жуулчлал, амьжиргааны шинэ эх үүсвэр, боловсрол, шинжлэх ухааны нээлтүүдээр дамжуулан алслагдсан болон хөдөө орон нутгийг инновац, бахархлын төв болгон хувиргаж, газар нутагтаа мөнхрөн үлдсэн түүхийг хамгаалж болдгийг харуулж байгаа юм”
хэмээн онцолжээ.
Мөн
“2023 оноос хойш ЮНЕСКО, Рио Тинто компани Монгол орны соёл, байгалийн өвийг хамгаалж, тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ хүрээнд Ханбогд Шар цавын геопарк маань өөрийн өнгө төрхөө олж эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр бид Ханбогд Шар цав гээд газар орныг зүгээр нэг хамгаалалтад авч буй тухай бус, харин Монгол орны геологийн гайхалтай өвөрмөц тогтоц, баялаг соёлыг хадгалж хамгаалах замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг бий болгож байгаа гэж бодож байна”
хэмээн “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал өргөн агуулгаар нь тайлбарлаж байна.
Үнэхээр ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэгдсэнээр дээр дурдсан дэлхийн хэмжээний аялал жуулчлалын брэнд, түүнийг дагасан жуулчдын урсгалаас гадна орон нутгийн хувьд эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжих, соёлын өвийг дэлхий дахинд сурталчилж, тэр хэрээр даацтай хамгаалах, олон улсын хөрөнгө оруулалт татах зэрэг үлэмж хэмжээний давуу талууд бүрдэх юм.
Ийнхүү Монгол Улс байгалийн хосгүй тогтоц, геологийн өв, нүүдэлчдийн түүх соёлын дурсгалаа дэлхийн түвшинд үнэлүүлэх шинэ түүхийн эхлэл тавигдлаа. Монголын амар амгалан говийн гүнээс дуулдах их баялгийн чимээ Оюутолгой, Тавантолгойгоор түүчээлэн дэлхий дахинаа хүрч байсан бол өдгөө байгаль, түүх, соёлын өвийг тунхаглан харуулах шинэ “гайхамшиг” ийнхүү уудам говь нутгаас дахин чимээлж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий