Шариатын хуулийг зөрчсөн хос хоорондоо гэрлээгүй байсан тул тус бүр 21 удаа саваадуулсан байна.

100 орчим хүн Банда Ачех хотын Бустануссалатин Цэцэрлэгт хүрээлэнд болсон шийтгэлийн гэрч болжээ.

22 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хоёр хоёрдугаар сарын 27-ны өдөр автомашин дотор үнсэлцэж байгаагаа харуулсан дүрсийг цахим орчинд дамжуулсан юм байна. Энэ үйлдэл орон нутгийн шариатын хууль сахиулагчдын чихэнд хүрснээр тэднийг дөрөвдүгээр сард баривчилжээ.

Индонез улсын хүн амын дийлэнх хэсэг Исламын шашин шүтдэг. Гэхдээ тус улсын хамгийн баруун захад оршдог Ачех муж ганцаараа шариатын хуулийг дагаж мөрддөг юм.

Ачех муж Индонез улсаас салан тусгаарлах дайн явуулж байсан бөгөөд 2006 онд талууд энхийн гэрээ байгуулснаар төв засгийн газар тус мужид шашны хатуу хууль хэрэгжүүлэх эрх олгож байжээ.

2015 онд Ачех мужийн эрх баригчид хүн амынхаа нэг орчим хувийг эзэлдэг бусад шашинтнуудад бас шариатын хууль үйлчилдэг болгож байв.

Уг хуулийн дагуу завхайрал, ижил хүйстний харилцаа зэрэг ёс суртахууны зөрчилд 100 хүртэл удаа хулсан саваагаар ороолгох шийтгэл оноодог.

Мөн мөрийтэй тоглоом тоглосон, архи уусан хүмүүс, бариу хувцас өмссөн эмэгтэйчүүд, Баасан гарагийн мөргөлийг тасалсан эрчүүдийг саваадан шийтгэх заалт байдаг.

Пүрэв гарагт шийтгүүлсэн хосод эхлээд тус бүр 25 удаа саваадах шийтгэл оноосон ч олон сар хоригдсоныг нь бодолцоод 21 удаа болгон бууруулжээ.

Шариатын шүүх бас ТикТокийн бичлэг бүхий гар утас, USB флаш дискийг устгаж болзошгүй баримт гэсэн үндэслэлээр хураан авсан байна.

Өчигдөр бас өөр дөрвөн хүн онлайн мөрийтэй тоглоом тоглосон, завхайрсан үндэслэлээр олны өмнө саваадуулжээ.

Эмнести Интернэйшнл байгууллага Ачех мужид хэрэгждэг ийм шийтгэлийг хүний эрх зөрчсөн, харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаан доромжилсон үйлдэл гэж шүүмжилдэг.

Индонез улс хүнлэг бус шийтгэлийг халах олон улсын конвенцыг баталсан ч зөвхөн Ачех мужид ийм үзэгдэл оршсоор байгаа юм.