Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаман дээр очиж уулзалт хийсэн байна. Гэвч цалинг 10 хувиар нэмэгдүүлэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлэхээр болжээ.

Энэ талаар Монголын Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж "Юуны өмнө Эрчим хүчний салбарын ажил хаялт ХҮН нам эсвэл сайд Б.Найдалаа гэдэг хүний эсрэг хийж байгаа улс төрийн үйлдэл биш.

Бидний энэ тэмцэл Б.Найдалаа сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Ажил хаях нөхцөл бүрдээд гурван сар болсон. Харин ажил хаялтад нэгдэх санал хураалт явуулаад нэг сар болж байна. Ингээд энэ сарын 22-ны өдөр ажил хаялт хийх товоо хуулийн дагуу хүргүүлсэн. Ажил хаялт бол зөвхөн цалингийн асуудал бус зарчмын зөрүүтэй 12 саналыг бид хүргүүлсэн байгаа.

Тухайлбал цалингаас гадна салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл гэх мэтээр нэрлэж болно.

Биднийг ажил хаялт зарлах талаар санал асуулга явуулахдаа хэвлэлийн хурлаар зарлаж байсан. Энэ хугацаанд хэлэлцээ хийх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Ингээд 24-ний өдөр Эрчим хүчний яамнаас бидэнд албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичигт цалин нэмэх талаар тодорхой санал ирээгүй. Ерөнхийдөө цалин нэмэхээр тооцоо судалгаа хийж байна гэх утгатай хариу ирсэн. 

Тооцоо судалгааны асуудал бол хэдэн сар үргэлжилж байгаа. Тиймээс ийм тодорхой бус санал ирүүлсэн учраас бид хэлцэлд орохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин маргааш нь буюу 25-ны өдөр сайдын зүгээс уулзалт хийе гэсэн хүсэлтийн дагуу 26-ны өдөр Түр хороо уулзсан.

Сайдын зүгээс цалинг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн санал тавьсан. Гэхдээ энэ дунд захиргаа, удирдлагын ажилтнуудын цалинг нэмэхгүй гэсэн байр суурьтай байна. Харин бидний зүгээс бүх ажилчдын цалинг 30 хувь ба түүнээс дээш хувиар өсгөх, магадгүй цалинг өсгөхдөө тодорхой санал хүлээсэн ч талаар болсон юм.

Бидний зүгээс 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах эсвэл 2026 ондоо багтааж нэмнэ ч гэдэг юм уу тодорхой санал ирүүлсэн бол хэлэлцээ хийхэд бэлэн байсан ч харамсалтай нь тийм зүйл байсангүй. Тиймээс маргааш буюу энэ сарын 30-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлээд Эрчим хүчний салбарын Шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин зарлаж байна" гэв.