Эх газрын засаг захиргааны 96 нэгжийн 35-д нь нэгдүгээр, 45-д нь хоёрдугаар түвшний түгшүүр зарлажээ.

Эдгээрийн 14-т нь хэт халалт дараа долоо хоногт үргэлжлэхээр байгааг Францын экологийн сайд Матью Лефевр өчигдөр мэдээлсэн байна.

Ням гарагийн байдлаар тус улсын олон бүс нутагт агаарын температур Цельсийн 40 хэм давж, заримд нь Даваа гарагт 42 хэм хүрэхээр байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ.

Хоногийн дундаж температур Франц даяарх 30 хэмжилтийн станцад түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байгааг бас мэдээлсэн байна.

Жил бүрийн хамгийн урт өдөр зохион байгуулагддаг Fête de la Musique наадам энэ жил Ням гарагт тохиож байгаа.

Францын соёлын сайд Катерин Пегар хэт халалтын эрсдэлээс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг хязгаарлах, цуцлах талаар бодолцохыг орон нутгийн эрх баригчдад уриалжээ.

Үүний дагуу зарим хотууд арга хэмжээг дотоод орчинд шилжүүлж, согтууруулах ундааны хэрэглээг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна.

Нэгдүгээр түвшний түгшүүр зарлагдаад байгаа Парис хотын захиргаа Сена мөрний сав дагуу болон Сэн Мартины сувгийн ойр орчмын задгай газруудад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ.

Парис даяар 5,000 орчим цагдаа, 2,500 орчим эрүүл мэндийн ажилтан хэт халалтын үеэр ажиллахаар болсон байна.

Хотын захиргаа 1,300 орчим усан оргилуурыг нийтийн зориулалтаар ажиллуулж, 1,500 орчим дэлгүүр, худалдааны газарт үнэ төлбөргүй ундны ус түгээхээр болжээ.

Францын ерөнхий сайд Себастен Лекорну гамшигтай тэмцэх шуурхай хурлыг Бямба, Ням гарагуудад дараалан зохион байгуулсан байна.

Франц даяар 800 гаруй сургууль Даваа гарагийн хичээлээ цуцалж, 1,800 орчим нь хичээл, шалгалтын хуваариа өөрчилснийг тус улсын боловсролын сайд мэдээлжээ.

Төрийн өмчит төмөр замын SNCF компанийн гүйцэтгэх захирал Жан Касте агааржуулалт, сэрүүцүүлэгчийн хүчин чадал хүрэхгүй байх магадлалтай тул эмзэг бүлгийн иргэдэд галт тэргээр зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

Францаас гадна Итали улс Ням гарагт хойд болон төв бүсийн 7-8 хотод агаарын хэт халалтын анхааруулга гаргажээ.

Испани улс хойд бүсийн хотуудад нь агаарын температур Цельсийн 40-42 хэм хүрэх төлөвтэй байгааг мэдээлсэн байна.

Их Британийн цаг уурын алба хэт халалт Пүрэв гараг хүртэл үргэлжлэхээр байгааг анхааруулжээ. Энэ долоо хоногт тус улсад зургаадугаар сарын дээд халалт шинээр бүртгэгдэх төлөвтэй байна.

Соутхэмптонд 1976 онд агаарын температур 35.6 хэм хүрсэн нь Их Британийн хувьд зургаадугаар сарын хамгийн дээд халалт байжээ.