Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг өчигдөр 09:00 цаг орчмоос эхлэн "Эрс Шинэчлэл Хөдөлгөөн"-ий нэр бүхий иргэд хаагаад байсан юм. 

Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төгрөг тутмын 1 нь уул уурхайн салбараас орж ирж байна. Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдгийг Оюу толгой үйлдвэрээс онцолжээ. 

Хэрэв хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байсан юм.